
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсныг мэдээлсэн юм. Мөн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.
Ингээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарим санал хууль, тогтоолын төслийн заалт хооронд зөрчил үүсгэсэн байна гэж үзэн Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалт явуулсан байна. Зөрчлийг арилгах томьёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-оос доошгүй нь дэмжсэн тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг буюу Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмж оруулах 14.3 дахь хэсгийг “Олон улсын жишиг зарчмыг баримтлан Монгол банкнаас баталсан нөхцөл шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн 14.1.3-д заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно” гэж өөрчлөх, мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлийг хуулийн төсөлтэй нийцүүлэх тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Р.Сэддорж, Б.Батбаатар, Х.Булгантуяа, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Замира, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтаар хар жагсаалтад орсон зээлдэгчдийн тухай, уг жагсаалтын үйлчлэл ямар байгаа, зээлийн хүүг буурахад хэрэглэгчдийн зээлийн түүхийн оноо ямар хэмжээнд нөлөөлөх, тэтгэврийн зээлийн шаардлагыг чангаруулж, өр, орлогын харьцааг дээшлүүлсэн журмыг дахин өөрчилж өмнөх нөхцөлийг сэргээх, мөн малчдын зээлийн хүү, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн асуулт тавьж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат зээлийн хүүг бууруулахын тулд эхний ээлжинд авах арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэтгэврийн зээлийн нөхцөлийн талаар шийдвэр гаргах хугацаагаа Монголбанк наашлуулах боломжтой эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар зээлгүй хүмүүсийн оноог хэрхэн тооцох талаар асуусан бол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа онооны тогтолцоо иргэдийг заавал зээл авах нөхцөл рүү түлхдэг учир тэдний санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатайг онцолж, ахмад настнууд аваад сурчихсан, хэмжээд тооцоод сурчихсан тэтгэврийн зээлийн нөхцөл журамд Монголбанк гар хүрч, гэнэтийн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эрсдэлгүй зээлийн хүү бага байх ёстойг анхааруулж, арилжааны банкуудад байршуулсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой хувийг тэтгэврийн зээлийн эх үүсвэрт ашиглах боломжтой эсэх, мөн иргэдийн дансан дахь мөнгөний хэмжээг харгалзан хүү тогтоож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа тэтгэврийн зээлийн журмыг өөрчлөхөд хүргэсэн өр, орлогын харьцааны хүндрэлтэй нөхцөл үүссэн эсэх, зээлийн бодлого болон онооны систем ядуурлын түвшинд яаж нөлөөлөхийг, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа санхүүгийн систем дэх Монголбанкны оролцоог бууруулах үүднээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бүтцэд зээлийн түүхийн оноо тооцох журам, зохицуулалтын хариуцуулах, мөн хувь хүний мэдээллийг хамгаалах харилцааг хэрхэх талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира зээлийн төлбөр дуусахад хар жагсаалтаас хасах зохицуулалт хэрэгжүүлэх, хүүгийн дээд хязгаарыг Засгийн газраас тогтоох, малчдын болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар асууж, мөнгөний ханшийг тогтвортой байлгах чиглэлээр Монголбанк үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан мөн Монголбанкыг шүүмжилж, иргэдийн хадгаламж буюу зээлийн эх үүсвэр 26 хувиар өсөөд байхад хүү яагаад буурахгүй байгааг асууж, энэхүү эх үүсвэрийн өсөлтийг хүү бууруулах тохируулгад нөлөөлүүлэх боломжийн талаар асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан санхүүгийн хэрэглэгчдийн мэдээллийг хөтөлж, оноо тооцох үйлчилгээ эрхэлж буй “Сайн скор”, “Бүрэн скор” компаниуд өнгөрсөн онд 20.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь Монголбанк зээлийн мэдээллийн санг хөтөлж байсан жилийн 6.0 тэрбумын зардлаас хавьгүй өндөр байгааг дурдаад, тэдгээр компаниуд мэдээллийн үйлчилгээнийхээ өртгийг хуваалцахгүйгээр хэрэглэгчдэд үүрүүлж, өндөр үнэ тогтоож, олигопол үйл ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулсан юм. Тэрбээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо байхгүй, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо салбарын үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хангах, системийг хэвээр хадгалах бодлого явуулж буйг шүүмжлэн, Монгол Улсын бүх иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон хэмээлээ. Иймд санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, энэ тухай хуулийн төсөл боловсруулах асуудлаар санал боловсруулж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хуулийн төсөл санаачлагч Э.Батшугар хариулахдаа, зээлийн түүхийн оноог хөтөлснөөр зээлдэгчдийн эрсдэлийн түвшин тодорхойлогдож, энэ талаар судалгаа явуулах банкны зардал багасан хүү буурах боломж бүрдэхийн зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгчдийн авах зээлийн нөхцөл сайжирч, хүү төлбөрөө алхам алхмаар бууруулаад явах боломжтой болно гэсэн юм. Мөн зээлдэгчийн оноо тодорхой байх учир барьцаа хөрөнгийн шаардлага буурна гэдгийг тэрбээр онцолж, тэтгэврийн зээл эрсдэлгүй, тогтмол автоматаар төлөгдөөд явдаг учир хүү нь бага байх ёстой гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр, зээлийн хүү тогтоход эх үүсвэрийн буюу хадгаламжийн хүүгийн зардал 63 хувиар, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардал нийтдээ 27 хувиар нөлөөлж байгааг мэдээлээд, инфляц болон макро эдийн засгийн бусад суурь нөхцөлтэй уялдаатай эх үүсвэрийн нөлөөлөлд тохируулга хийхэд түвэгтэй, харин эрсдэлийг бууруулах, урсгал зардлыг багасгах зэргээр үлдэх 27 хувьд тодорхой хэмжээний тохиргоо хийж, хүүг бууруулах боломжтойг дурдав.
Олон улсын судалгаанаас үзэхэд онооны систем шилжсэнээр зээлийн хүү дунджаар 3.2-3.8 хувь буурсан үзүүлэлттэй байгааг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулаад, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн боловсрол сайжран, эрсдэл буурах зэрэг олон давуу талтайн зэрэгцээ одоо хөтөлж буй зургаан жилийн хар жагсаалт байхгүй болно гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.