
Боловсролын яам болон үдийн цай хөтөлбөрийн цэсийг анх зохиож байсан ШУТИС-ийн харьяа шим тэжээл судлалын төвийн хоол зүйч, судлаач Г.Цогзолыг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Манай улсын иргэд эрүүл хооллолт гэж их ярьдаг. Ер нь эрүүл хооллолт гэж яг юуг хэлж байна вэ. Үүнээс яриагаа эхэлье?
-Эрүүл хооллолт гэдгийг маш том хүрээнд авч үзнэ. Тухайлбал, бидний амьдарч байгаа орчин, хүрээлэн байгаа орчин, бид нарын нас хүйс, эрхэлж байгаа ажлаас хамаараад идэж байгаа хоолоо зөв зохистой хэмжээгээр тохируулан идэхийг л хэлээд байгаа юм. Зөв зохистой хооллолт дотроо хүнсний зургаан бүлэг байдаг. Энэ нь үр тариа, хүнсний ногооны төрөл, махны төрөл, сүүний төрөл, жимсний төрөл, өөх тосны гээд эдгээрээс бүрдсэн хоолыг бид өдөр тутамдаа өөрийн нас хүйс, эрхэлж буй ажил мэргэжилдээ тохируулан зөв зохистой хэрэглэхийг эрүүл хооллолт гэж үзээд байгаа юм.
-Өглөөний цай уух нь их чухал байдаг. Тэгвэл өглөө яг ямар хүнс хэрэглэх ёстой байдаг вэ?
-Эрүүл мэндийн яам болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өглөөний цайгаа уудаг эсэх талаар 5 жил тутамд иргэдийн дунд судалгаа хийдэг. Тавдугаар судалгаагаар хоол шим тэжээлийн үндэсний судалгаагаар дийлэнх нь өглөөний цай огт уудаггүй гэсэн хүмүүс байсан. Массаараа Монголчууд өглөөний цай уухгүй байна. Тэгэхээр өглөөний цай уух нь ямар ач холбогдолтой вэ гэхээр дархлаа сайжирна, ажлын бүтээмж нэмэгдэнэ, эрч хүчтэй байна, цөс өтгөрөлтөөс урьдчилан сэргийлдэг. Ингээд харахаар өглөөний цай хүний биед маш чухал байдаг.
Өглөөний цайндаа бид үр тарианы төрлийн хүнсийг хэрэглэх нь хамгийн зөв байдаг. Үр тарианы төрөлд юу байх вэ гэвэл 1-2 ширхэг талх, боорцог, овьёосыг өглөөний цайндаа тогтмол идэж, уух ёстой. Яагаад үр тариа гэж онцлоод байна вэ гэхээр орчин үед хүмүүс үр тариа гэхээр л дайсан юм шиг үздэг болчихсон. Үр тарианаас болоод таргалаад байна гэж өрөөсгөл ойлголттой байгаад байдаг. Энэ нь маш буруу. Үр тариаг бид өөрсдөө хоногт авах илчлэгтэй тохируулан хэрэглэвэл хамгийн өндөр илчлэгтэй, хамгийн өндөр энерги өгдөг маш ашигтай, шимт бодис байгаа. Тэгэхээр бид өглөөний цайндаа хамгийн шимтэй, өндөр илчлэгтэй хүнсийг сонгож идсэнээр тухайн өдрийнхөө эрч хүч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Хоёрдугаарт өглөө өлөн дээрээ ус уух ёстой. Мөн усаа баяжуулаад ч уух боломжтой. Жишээлбэл, чиа үртэй ус, маалингын үртэй ус, хужиртай ус зэргээр баяжуулж уувал илүү биед сайн байдаг. Ингээд өглөө өлөн дээрээ усаа уучхаад 20 минутын дараа өглөөний цайгаа уух нь хамгийн тохиромжтой.
-Өглөөний цайнд зарим хүмүүс өндөг шарж идэх эсвэл хоносон хоол халааж идээд байдаг. Энэ хэр зохимжтой вэ?
-Өндгийг технологи ажиллагааны хувьд 2,3 янзаар шарж, чанаж хэрэглэж болдог. Өндгийг бага тосонд шараад идэх, чанах гэх мэт. Өндөг бол уураглаг хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр өглөөний цайндаа нүүрс ус болон уургаар баялаг хүнсийг сонгож идэх нь чухал.
Хоолны хувьд хоёрдугаар хоол байна уу, хэт их шарсан хуурсан хоол идэж байна уу, хөнгөн зутан хэлбэрийн хоол идэж байна уу гэдгээс шалтгаална. Гэхдээ өглөөний хоол дээр эмчилгээний хоолны заалттай бол аль болох зутан шөл буюу зөөлөн буюу шингэн хоолыг сонгож идвэл тохиромжтой. Ер нь хүмүүсийн хооллолтын хэв маяг өөр өөр байдаг. Өглөө ч гэсэн хоол идэж болно. Гэхдээ хөнгөн хоолыг сонгож идэх ёстой.
-Хоносон хоолоо халааж идээд байдаг энэ ер нь зөв үү. Шим тэжээлийн хувьд?
-Гол нь хоолоо ямар орчинд хадгалсан бэ гэдэг их чухал. Хоолыг буруу хадгалах буюу тасалгааны температурт дунджаар 6-8 цаг хадгалчихаар хоолны хордлого авах, ходоод гэдэс дотор өвдөх эрсдэлийг бий болгодог. Хоносон хоолыг идэж болно гэж би зөвлөдөг. Гол нь хоолоо зөв хадгалах. Яаж зөв хадгалах вэ гэвэл хоолоо таваглаад битүүмжлэх ёстой. Хүнсний скочоор скочдох ч юм уу, тагийг нь тавиад хөргөгчийн хөргүүр хэсэгт хадгалаад хэрэглэж болдог. Эсвэл гүн хөлдөөгөөд, гэсгээгээд халаагаад идэж болно.
Мөн одоо үед хүмүүс хөлдөөсөн хоолыг чухалчилдаг болсон. Хөлдөөсөн хоолоо -60 хэмд хадгалах хэрэгтэй. Ингэж хадгалсан хоол шим тэжээлийн алдагдалгүй шинэлэг хэвээр байдаг.
Хүмүүсийг ажаад байхад хоносон хоол хортой гэсэн өрөөсгөл ойлголттой байгаад байдаг. Хамгийн гол нь хоолоо зөв хадгалах нь л чухал. Шим тэжээлийн хувьд шинэ хийсэн хоолноос 15-20 хувийн л алдагдалтай байдаг. Гол нь гүн хөлдөөх тусам шим тэжээлийн алдагдал бага байна гэсэн үг. Харин гэсгээсэн хоолоо дахин хөлдөөгөөд дахин гэсгээж халааж идэж болохгүй.
-Өглөөний цайндаа сүү, сүүндээ сериал буюу нэвс хийж идээд байдаг энэ хэр зохистой вэ?
-Сүү бол төгс уураг. Учир нь бүх шимт бодсыг агуулсан байдаг бөгөөд сүү цагаан идээ бол төгс уураг. Энэ ч учраас манай өвөг дээдэс уламжлалт сүү цагаан идээг жилийн 4 улиралдаа тохируулан хэрэглэж ирсэн байдаг. Тухайлбал, өвлийн улиралд маш тослог цагаан идээг хэрэглэдэг. Цагаан тос хураасан өрөм, аарц гэх мэт. Зуны улиралд бол сүү болон бяслаг ихээр хэрэглэдэг байсан шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлал маань алдагдаад зарим хүмүүс ингэж хэрэглэж мэдэхгүй байна. Зарим хүүхдүүд бараг л сүү уудаггүй гэж байсан. Сүү цагаан идээг өдөр болгон хэрэглэх хэрэгтэй.
Саяхан бид нар дунд сургуулийн 6-10-р ангийн сурагчдын ясны сийрэгжилтийг үзсэн. Ингээд хүүхдүүдээс өдөр болгон сүү уудаг уу гэсэн асуумж авахад 100-ны 5 хувь нь өдөр болгон сүү уудаг, зарим нь бүр огт сүү уудаггүй гэж хариулсан байсан. Ингээд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн сүү уудаг гэсэн хүүхэд сүү уудаггүй хүүхдээс биеийн хөгжил сайтай байсан.
Мөн сүүг хэрэглэхдээ ориг хэлбэрээр нь буюу ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн оруулалгүй уух нь хамгийн тохиромжтой. Орчин үед сүүг баяжуулаад жимстэй, шоколадтай гээд янз бүрийн нэмэлт хийсэн байдаг. Эдгээр дундаас хүмүүс сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сүүгээ сонгохдоо байгалийн цэвэр байгааг нь сонгож хэрэглэх нь хамгийн зөв сонголт.
-Оройн хоолны араас жимс хэрэглэдэг. Ингэж хэрэглэх зөв үү?
-Орой унтахаасаа өмнө жимс идэж болно. Хүн өдөрт үндсэн 3 төрөл, хөнгөн 2 төрлийн хоол идэх ёстой байдаг. Өглөөний цайндаа нийт илчлэгийнхээ 10-15 хувийг, өдөр 20-25 хувь, орой 15-20 хувь, хөнгөн 2 удаагийн хооллолтоор 5,5 хувийг авсан байх ёстой. Оройд унтахаасаа 2 цагийн өмнө хоол идэж болдог. Хамгийн гол нь тухайн хүн өдөрт жин, нас хүйсэндээ тохирсон хэмжээгээ хэтрүүлэхгүй л идэх хэрэгтэй.
-Хүмүүс турна гээд хоол ихээр сойдог. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Турна гэхээр хүмүүс сардаа 10 кг, 15-20 кг турмаар байна. Хурдан жин бууруулаад өгөөч гэж их ирдэг. Ингэж жингээ огцом хаях ямар ч боломжгүй шүү дээ. Шинжлэх ухааны үндсэн дээр буюу хоол зүйн салбарт сардаа хүн эрүүлээр 3-4 кг юм уу 4-6 кг хасах боломжтой гэж үздэг. Энэ маань эрүүл аргаар жингээ бууруулж байна гэсэн үг. Зарим фитнест дасгалжуулагч багш нар сардаа 10 кг, 15кг хасна гэсэн хүмүүс байдаг. Энэ нь цаанаа яг юу явагддаг вэ гэвэл хүмүүс шингэнээ л алддаг. Шингэн болон булчингийн массаа хасчхаад жингээ хасчихлаа гэж буруу ойлгоод байдаг. Тэгэхээр эрүүлээр жингээ хасна гэдэг нь шингэнээ алдахгүй, булчингаа алдахгүйгээр зөвхөн цэвэр хоолоороо зохицуулаад сардаа 3-4, 4-6 кг хасах боломжтой байдаг. Ингээд хэт хоол сойсноор турахгүй гэсэн үг. Оройн 4 цагаас хойш, 6 цагаас хойш огт юм идэхгүй байснаараа жингээ хасна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Хэт хоол сойх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд маш их эрсдэлийг дагуулж байдаг. Тухайн үедээ сөрөг нөлөө нь анзаарагдахгүй. Хэт их хоол сойсны хор уршиг 4-5 жилийн дараа биед мэдэгддэг. Тэгэхээр турах гэж хоол битгий сойгоосой гэж хүсмээр байна.
-Сүүтэй цай, ногоон цай, кофе уух нь тухайн хүний өдөрт авах ус, шингэний хэмжээнд тооцогдох уу. Эсвэл заавал усыг ус чигээр нь уух ёстой юу?
-Кофе, цай нь уух нь хүний өдөрт уух усны хэмжээнд огт нөлөөлдөггүй. Усыг яг цэвэр усаар нь ууж байж л шингэн ууснаар тооцогддог. Хүн өдөрт хангалттай хэмжээний цэвэр ус ууснаар жингээ хасдаг. Мөн өдөрт хүн 8 аяга ус уух ёстой гээд ерөнхий ойлголттой яваад байдаг. Хүн болгон харилцан адилгүй хэмжээтэй ус уух ёстой. Хүн өдөрт уух усны хэмжээ тухайн хүний биеийн жинг 35 мг-д үржүүлэхэд таны өдөрт уух усны хэмжээ гардаг. Ихэнх хүмүүс байхуу цай, хар цай, ногоон цай сүүтэй цайг их уусан гэдэг. Энэ нь өдөрт уух усны хэмжээнд ямар ч нөлөөгүй байдаг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
Харин спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд өөрөөр тооцогддог. Спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд шингэнээ их алддаг. Энэ болгоныг хоол зүйч тооцож өгдөг.
-Буцалсан усыг дахин буцалгахаар муу гэж хүмүүс ярьдаг. Судалгаа шинжилгээнд батлагдсан зүйл байдаг уу?
-Номноос уншихад усыг дахин дахин буцалгахад шохойжилт их үүсэж, энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй гэж бичигдсэн байдаг. Шохойжилт гэдэг бол усан дахь эрдсийн хэмжээ алдагдаж байна гэсэн үг.
-Усыг яаж хэрэглэх ёстой вэ. Хэдийд яаж уувал зөв зохистой вэ. Тухайлбал, хоолны өмнө уух уу, хойно нь уух ёстой байдаг бол?
-Бодисын солилцоогоо шингэнээр нөхөхийн тулд бид ус уух ёстой байдаг. Тэгэхээр усыг бага багаар шимж аажмаар уух нь хамгийн зөв. Хоолныхоо өмнө ус уух нь хамгийн тохиромжтой. Учир нь ходоод хоол шингээхдээ бэлддэг. Шүлс ялгарахад ходоодны хүчил ялгарч байдаг. Ус ууж байгаа нь ходоод өөрийгөө бэлдэж байна гэсэн үг. Мөн усыг шимж уух нь хамгийн тохиромжтой. Энэ нь хүний биед хамгийн сайн шингэдэг.
-Орой унтахаас өмнө хэдэн цагийн өмнө ус уух ёстой вэ?
-Орой унтахаас 1 цагийн өмнө ус уух нь маш тохиромжтой байдаг. Яагаад гэвэл бид нар унтаж байхдаа шөнийн турш амьсгалаараа шингэнээ алддаг.
-Хүүхдэд өглөөний цайнд юу өгвөл хамгийн тохиромжтой вэ?
-Хүүхэд ямар насных байхаасаа хамаарна. Цэцэрлэгийн нас, сургуулийн нас, өсвөр насны хүүхдэд ямар хоол байх гэдэг нь хоорондоо ялгаатай. Бага насны хүүхдэд аль болох зөөлөн хоол өгөх хэрэгтэй. Жишээлбэл, сүүтэй будаа, сүү гэх зэрэг. Сургуулийн насных бол чанасан өндөг, боов, талх зэргийг өгч болдог. Харин өсвөр насны хүүхдийн хувьд чанасан өндөг, талх, боов зэргийг тухайн хүүхдийн биед тохируулан өгөх хэрэгтэй.
-Орчин үед мах иддэггүй, ногоо иддэггүй хүүхэд гээд байдаг. Энэ идэхгүй байгаа зүйлээ яаж нөхөх вэ?
-Тухайлбал, ногоо иддэггүй хүүхдэд махан дотор нь ногоог маш жижгээр буталж өгөх, эсвэл ногоог нь чимэглээд өгч болно шүү дээ.
Мах иддэггүй цагаан хоолтой хүүхэд маш их болсон байна. Үүн дээр ээж аавууд уургийн хэрэглээг юунаас орлуулж өгч болох вэ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Адуу, хонь, үхрийн мах идэж чаддаггүй бол дүпүгээр уургийг орлуулан идүүлж болдог. Мөн Уургаар баялаг хүнсний ногоо, жимс, өндөг гэх зэргээр уургийн хэрэгцээг нь орлуулан нөхөж өгч болдог.
Цэвэр цагаан хоолтон хүмүүс буурцгийн хэрэглээ асар өндөр байдаг. Буурцагны төрөл, шош, өндөг, дүпүний хэрэглээ их өндөр байдаг. Ернь махнаас авах ёстой уургаа хүнсний ногооноос нөхөж болдог. Цэвэр цагаан хоолтон хүмүүс В-гийн төрлийн витамины дутагдалд орох эрсдэлтэй байдаг юм билээ. Тэгэхээр энэ төрлийн хооллолтой хүмүүс нэмэлтээр В-гийн төрлийн витамин уух шаардлагатай.
-Хүмүүс ашигтай бактери сайн дураараа авч их хэрэглэж байна. Ингэж хэрэглээд байх нь зөв үү. Хоол хүнснээсээ авах боломжтой болов уу?
-Боломжтой. Аарц, ингэний хоормог, тараг, ааруулыг өдөр тутамдаа тогтмол идэж хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр ашигтай бактериа авах боломжтой. Гадуур худалдаалж буй ашигтай бактерийг хүмүүс эмчийн заавраар хэсэг хугацаанд хэрэглэж болох ч насан туршдаа байнга хэрэглээд байх нь тохиромжгүй.
Мөн үүнээс гадна бид кимчи, даршилсан огурци, мисо шөлнөөс ашигтай бактери авах боломж бий.
-Үйлдвэрийн аргаар бүрсэн тарганд 10 мянган, 10 сая ашигтай бактеритай гээд худалдаалагддаг. Ийм худалдааны тарганд яг ийм хэмжээний ашигтай бактери байдаг болов уу?
-Ерөнхийдөө сүү цагаан идээнд 20-23 мянган төрлийн ашигтай бактери байдаг. Яг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд 3-5 нэр төрлийн л ашигтай бактери байдаг. Өөрөөр хэлбэл арван мянган ашигтай бактери байх боломжгүй. Яг малаас гаргаж авсан сүү цагаан идээнд л 20-25 нэр төрлийн ашигтай бактери байдаг.
Орчин үед цаг зав их хомс байдаг учраас ээжүүд бэлэн гэдэг утгаараа дандаа үйлдвэрийн аргаар бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн илүү их худалдаж авдаг. Хүүхдэдээ яг цэвэр тараг өгье л гэж байгаа бол гэртээ бүрсэн тараг л хамгийн зөв сонголт байх болно. Мөн таргаа жимсээр баяжуулан идэх ч боломжтой шүү дээ.
-Хоорондоо харшилдаг хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг уу?
-Махыг сүүтэй хольж идвэл хоорондоо зохицдоггүй. Энэ нь хүний биед шингэцгүй гэсэн үг. Тухайлбал, монголчуудын өргөн хэрэглэдэг банштай цай байна. Хэрвээ банштай цай үнэхээр уухыг хүсэж байвал жилдээ 1-2 удаа л хэрэглэх нь зохистой. Миний хувьд банштай цайг хэзээ ч зөвлөдөггүй.
-Хүн өдөр тутамдаа өөх тосыг тодорхой хэмжээнд хэрэглэх ёстой гэдэг. Тэгвэл хэрхэн сонгож хэрэглэх ёстой вэ. Ер нь ямар тосыг сонгож хэрэглэвэл хүний биед сайн байдаг вэ?
-Ер нь өдөр тутамдаа ханасан болон ханаагүй тосыг хоёуланг нь л хэрэглэх шаардлагатай. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй хэмжээгээ тохируулж хэрэглэх л чухал. Сайн тос гэвэл шар тос, өрөм, цөцгийн тос байна шүү дээ. Өглөөний цайндаа хийгээд ууж болно. Тэр ч байтугай өөхөн тосыг ч өдөр тутамд хүнсэндээ хэрэглэж болно. Гол нь хэмжээгээ тохируулах нь л чухал. Ер нь сүү цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүнд өөх тос хамгийн их агуулагдаж байдаг. Зөвхөн хүнсний ногоо болон жимсэнд л өөх тос байдаггүй.
-Монгол хүмүүс далайн бүтээгдэхүүн тэр болгон хэрэглээд байдаггүй. Тэгэхээр далайн бүтээгдэхүүнээс авах шим тэжээлийг хэрхэн авч болох вэ?
-Манайд далайн бүтээгдэхүүний хэрэглээ их хомс. Тэгэхээр бид нар заавал нэмэлтээр уух шаардлагатай. Тухайлбал, д витамин, омега 3, омега 6 ч юм уу эмчийн заавраар нэмэлтээр уух шаардлагатай.
-Хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгтэй амин дэмийг бүрэн авах боломж байдаг уу. Эсвэл заавал нэмэлт витамин уух ёстой байдаг уу?
-Хоолоор бүх шим тэжээл, эрдсээ авах бүрэн боломжтой. Яахав далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ л бага. Далайд гарцгүй учраас далайн бүтээгдэхүүнээс авах ёстой шим тэжээлээ л авах боломжгүй байдаг. Энэ төрлийн шим тэжээлийг бол заавал нэмэлтээр л авна.
-Хүн өдөр тутамдаа хүнсний ногоог заавал хэрэглэх шаардлагатай байдаг уу?
-ДЭМБ-аас хүн хоногт 200-300 грамм хүнсний ногоо болон жимс хэрэглэх ёстой гэж зөвлөсөн байдаг. Монгол хүмүүсийн хувьд өдөрт энэ хэмжээгээр хүнсэндээ жимс ногоог хэрэглэж төдийлөн чаддаггүй. Хүнсний ногоог хэрэглэхдээ улирлаасаа шалтгаалаад өөр өөр байж болно. Тухайлбал, намрын улиралд өнгөт ногоог голчлон сонгох ч юм уу, харин өвлийн улиралд хадгалалт тээвэрлэлт зэрэг асуудал их үүсдэг шүү дээ. Энэ үед ээ үндэс үрт ногоо буюу байцай лууван манжинг илүү их хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой. Хүнсний ногооны хадгалалтын хувьд гүн хөлдөөж хадгалах хэрэгтэй. Энэ нь шим тэжээлийн алдагдал хамгийн бага байдаг.
-Худалдааны төвүүдэд дарсан халуун ногоо, кимчи, цуу зэрэг их зарагдаж харагддаг. Монголчуудын хэрэглээч их байгаа ажиглагддаг. Эдгээрийг хэрэглэх нь монгол хүний биед хэр зохистой байдаг бол?
-Даршилсан бүтээгдэхүүн их хэрэглэнэ гэдэг бол давсны хэрэглээ их байна гэсэн үг. ДЭМБ-аас хүн хоногт 5 гр давс хэрэглэнэ гэж зөвлөдөг. Монголчууд хоногт 11-12 грамм давс хэрэглээд байдаг. тэгэхээр давсалсан, даршилсан ногоонууд далд хэлбэрийн давс маш ихээр агуулдаг. Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглээд байхаар давсны хэрэглээ маш өндөр болчхож байна. Давсны хэрэглээ их өндөр болоод ирэхээр даралт ихсэх өвчинд ихээр өртөж байна.
-Хоол хоорондох зай хэдэн цаг байх ёстой байдаг вэ?
-Хоолноос хоол хоорондох зай 2-3 цаг байвал хамгийн тохиромжтой байдаг.
-Монголчуудын хоол зүйн талаарх мэдлэг ямар түвшинд байна вэ. Энэ талаарх ойлголт хэр байдаг бол. Хоол зүйчид манай иргэд хэр ханддаг вэ?
-Яг одоогийн нөхцөлд цахим орчинд буруу зөв нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл байна. Тухайлбал, төмс идэж болохгүй л гэнэ, гурил идэж болохгүй л гээд явж байдаг. Тэгэхээр мэдээлэлдээ маш шүүлтүүртэй хандаад зөв мэдээллээ л олж авах нь чухал байна. Яг зориод хоол зүйн талаар зөвлөгөө авч байгаа хүн ч ховор байдаг.
2008 оноос хойш сургуулийн хоол үйлчилгээний салбар, эмнэлгийн хоол үйлдвэр үйлчилгээний салбар, спортын хоол зүйн салбарт хүмүүст зөвлөгөө өгч ажиллаж байна. ШУТИС-ийн хоол зүй, тэжээхүйн ухаан мэргэжлээр төгссөн. Боловсролын яам болон Солонгосын “Вит” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар сургуулийн анхны үдийн хоолны төслийг 2006 онд Монголд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү төслийн анхны загварыг 58-р сургуульд хэрэгжүүлж уг төслийн анхны хоол зүйчээр ажиллаж байлаа. Үдийн цай хөтөлбөрийн цэсийг анх зохиож байлаа. Энэхүү ажлаар ажлынхаа гарааг эхэлж байлаа. Ажлынхаа гарааг хүүхдийн ертөнцөөс эхэлсэндээ маш их билэгшээдэг. Хүүхдийн төлөө ажилласан ажил маань өнөөдрийн Цогзол гэж хүнийг бий болгосон гэж бодож, баярлаж, бахархаж явдаг.
-Хоол зүйч гэхээр яг юу хийдэг вэ?
-Хоол зүйч хүн хоолныхоо технологийг ч, хүнсний бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг ч сайн мэддэг байж гэмээн хүнсийг эцсийн бүтээгдэхүүн буюу хоол болгож хүн идэхэд бэлэн болгодог мэргэжил юм. Тэгэхээр зөвхөн технологитой сайн байна гэхээсээ илүүтэйгээр тухайн хүнсний бүтээгдэхүүний шинж чанар тухайлбал, дулааны боловсруулалтад оруулахад хэдэн хувь нь алдагдах вэ, технологи ажиллагаа шинж чанар бүх зүйлийг мэддэг байж эцсийн бүтээгдэхүүн дээр хоолны цэсийг гаргадаг.
Монгол Улсад хоол зүйн салбарт үүсээд 30 жил болж байгаа. Сүүлийн 10-аад жил манай улс зөв зохистой хооллох нь чухал гэдгийг ойлгож эхлээд байна. Үүнээс өмнө 80,90-ээд оны үед энэ талаар ямарч ойлголтгүй, ойлгохыг ч хүсдэггүй байсан нийгэмд амьдарч байсан. Одоогийн нийгэмд яалтчгүй зөв зохистой хооллож байж аз жаргалтай амьдрах суурийг тавьж өгдөг.
-Та яагаад хоол зүйч болсон бэ?
-Анх тохиолдлоор л сонгоод авчихсан. Уг нь анагаахад ороод эмч болох мөрөөдөлтэй байсан юм. Тухайн үеийн элсэлтээр анагаахын сургуульд тэнцэж чадаагүй юм. /инээв/ Ингээд ШУТИС-ын хоол зүй болон эрүүл ахуйн анги байна гээд надаас асуухад нь хоол зүй гэдэг үг нь гоё содон санагдаад хоолны шинжлэх ухааныг судлах юм байна гэж бодоод хоол зүйчийг сонгож байсан. Оюутан байхдаа эхний 2 жил мэргэжлийнхээ утга учрыг ойлгодоггүй байсан. Ингээд 3-р курсээс мэргэжлийн хичээл орж эхлээд ирээдүйд хоол зүйч гэдэг мэргэжил хүмүүст их хэрэгтэй болох юм байна гэдгийг ойлгож байсан. Төгссөнөөсөө хойш энэ мэргэжлээрээ тууштай ажиллаж байна.
-Арван жилээ хаана төгсөж байсан бэ?
-Улаанбаатар хотод төгсөж байсан хотын унаган иргэн.
-Гэр бүлээс нь хоол зүйч, хоолны салбарт ажилладаг хүн бий юу?
-Манай гэр бүлд хоолны салбарт ажилладаг хүн байхгүй.
-Гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байв?
-Гэрийнхэн маань миний сонголтод огт нөлөөлөөгүй. Тухайн үед сайн сураад, сайн мэргэжилтэн болоорой гэж урамшуулдаг байсан.
-Одоо хоол зүйчээр хэр олон хүн суралцдаг бол, хэчнээн сургууль хоол зүйчээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ?
-Монгол Улсын хувьд нийт 6 сургууль энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Хамгийн анхны хоол зүй, тэжээхүйн ухааны мэргэжилтэнг ШУТИС-ийн Хүнс, био, технологийн сургууль 2005 онд энэ чиглэлээр анги нээж байсан юм билээ.
-Эрүүл мэндийн байгууллага л хоол зүйчтэй байдаг уу?
-Хоол зүйч нь сургууль болон эрүүл мэндийн байгууллагад эмчилгээний хоол зүйчээр ажиллах боломжтой байдаг. Эмнэл зүйн болон эмчилгээний хоол зүйч мэргэжилтэй хүн спортын салбарт спортын хоол зүйчээр ажиллах ч боломжтой. Мөн шинжлэх ухааны салбарт судлаачаар ажиллана.
Сургуулийн хоол зүйчдийн эрх зүйн орчин бүрдсэн учраас сургуулийн хоол зүйн салбар асар хурдацтай хөгжиж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Цогзол: Үр тариаг хоногт авах илчлэгтэй тохируулан хэрэглэвэл хамгийн өндөр энерги өгдөг маш ашигтай, шимт бодис | ||
Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.