Шууд Chart

Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

2025-07-08 14:02:58

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна.

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн наадамд нийслэлийн зургаан дүүргийн иргэдээс гадна 21 аймгийн  аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 7000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагслаа.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр:

  • Шилдэг дүүрэг 
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байгаагаас гадна хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болж буй.

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулж байна.


Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй