Шууд Chart

Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2025-07-25 14:17:15

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Шуфаниг “Найрамдал” медалиар шагнасныг гардууллаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол, Канад хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ. Үүнд оруулсан Элчин сайдын хүчин зүтгэлийг Ерөнхий сайд талархаж тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Элчин сайд С.Шуфани Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхай, эрчим хүчний салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон бусад түнш байгууллагуудаас үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийллээ.

 


Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй