
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ чуулганд 43 орны 250 гаруй төлөөлөгч оролцож байна.
БНХАУ-ын NRTA, Радио, Телевизийн Шинжлэх Ухааны Академийн дэд захирал Жан Вэй: Бусад илтгэгчдийн илтгэлийг анхааралтай сонслоо. Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн байгууллагуудын хоорондын ялгаа харьцангуй их байна. Эдийн засгийн хувьд ч хэрэглэгчийн тооны хувьд ч тэр, техник технологийн хэрэглээний түвшин харилцан адилгүй байдлаа илтгэлдээ тусгаж өөр өөрийн онцлогтой илтгэлийг тавилаа.
Жишээ нь, Японы NHK-ийн төлөөлөл илтгэлдээ өөрийнхөө шинэ тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүний талаар голлон танилцуулсан бол Хонконгийн төлөөлөл AI технологийн хяналтыг сайжруулах талаар гэх мэт өөр өөрсдийн сонирхсон өнцгөөс илтгэлээ хэлэлцүүллээ. Би судалгааны хүрээлэнг төлөөлж ирсэн учир миний илтгэл илүү өргөн хүрээг хамарсан. Манай хүрээлэнгийн ажлын нэг хэсэг нь манай улсын Засгийн газрын байгууллагуудын одоогийн хэрэгжүүлж байгаа ажил байдаг. Тийм учраас Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ихэнх гишүүн байгууллагууд иймэрхүү өргөн цар хүрээтэй хурлын илтгэлүүдийг сонсох хэрэгтэй санагдаж байна. Түүнчлэн гишүүн байгууллагууд техникийн болон хэрэглээнд гарсан шинэлэг зүйлүүдээ анхаарах нь зүйтэй. Хэрвээ би дараагийн арга хэмжээнд оролцох юм бол улсынхаа дотоодын тэргүүлэгч, үйлдвэрлэгчийн шилдэг бүтээгдэхүүнийг авч ирж үзүүлж, танилцуулбал хүмүүсийн сонирхлыг илүү татах юм байна гэж бодлоо.

-Хиймэл оюун ухаан өргөн нэвтрүүлгийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
ABU-н Технологи ба Инновацийн захирал, доктор Вейсел Бинбай: Энэ нь бидний ажлыг зүгээр нэг дэмжих, бага зэрэг сайжруулах асуудал биш харин үндсээр нь, эрс өөрчилж байна. Цаашдаа илүү гүн гүнзгий түвшний суурь өөрчлөлтүүд авчрах нь тодорхой болж байна. Нэг үгээр тайлбарлавал, энэ бол аль хэдийн урсаж эхэлсэн шингэн зүйл мэт юм. Үүнийг зогсоох боломжгүй. Үүнийг эсэргүүцэхийн оронд бодит үр дагавар, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийн болон нийтийн ашиг тусын төлөө хэрэглэх ёстой.
Төрийн өмчит, олон нийтийн байгууллагуудын хувьд энэ нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Харин үүнийг эсэргүүцээд, тэмцэх гэж оролдвол таны хүч, нөөц тарамдаж, дэмий үрэгдэх магадлалтай юм. Цаашлаад байгууллага оршин тогтнож чадахгүй ч байж болох юм. Тиймээс энэ бол маш чухал. Энэ бол зүгээр нэг шинэчлэл биш, харин оршин тогтнохын тулд зайлшгүй хийх ёстой алхам. Бид цаашид ч олон өөрчлөлт, олон давлагаа ирэхийг хүлээж байна. Энэ түр зуурын үзэгдэл биш. Бидний мэдэрч, харж байгаагаар хиймэл оюун ухааны эрин аль хэдийн ирсэн байна. Мөн энэ бүхэн дөнгөж эхэлж байна.
-Таны бодлоор телевиз, радиогийн уран бүтээлд техникийн ямар шинэ чиг хандлага, шийдлүүд гарч ирж байна вэ?
-Эвлүүлэг хийх, дуу дүрсний контентыг хэрхэн боловсруулах зэрэг нь хамгийн түрүүнд өөрчлөгдөж байна. Цаашлаад зураг авах арга барил, дуу, дүрсийг хэрхэн илүү сэтгэл татам, мэдрэмжтэй болгох зэрэгт бидний төсөөлөөгүй шинэ технологиуд гарч ирэх болно. Энэ бүхэн нь хиймэл оюун ухаан (AI)-аар дэмжигдэнэ. Хиймэл оюун ухаан нь бидний ашиглаж буй программ хангамжийн болон тооцоолох чадварыг эрс нэмэгдүүлнэ.
Мөн үзэгчдийн уламжлалт үзэх дадал, зуршлыг өөрчилж, дуу, дүрсний контентыг хэрхэн хүлээн авч, хэрэглэж байгааг мөн өөрчлөх болно. Гэхдээ энэ бол зөвхөн гэгээлэг тал нь. Үүнтэй зэрэгцэн сөрөг талууд ч бий. Хуурамч контент, ташаа мэдээлэл бүхий дүрс, видео хийх нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хялбар болж байна. Мөн хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр цахим халдлага хийх, тэр дундаа урт хугацааны, тасралтгүй дайралтууд хийх нь урьд байгаагүйгээр аюултай, хүчтэй болж байна.
Энэ бүхэн нь нийгэм болоод үнэн бодит мэдээлэлд хор хохирол учруулах эрсдэлийг бий болгож байна. Ийм хурдацтай өөрчлөгдөж буй эмх замбараагүй технологийн орчинд бид олон нийтийн төлөө үйлчилдэг, туршлагатай, хариуцлагатай нэвтрүүлэгчид, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, хамгийн гол нь үзэгч олонтойгоо хамтдаа бий болгож ирсэн итгэлцлийг хамгаалах, улам бэхжүүлэх ёстой юм.
"ABU-GENERAL ASSEMBLY-2025": Техникийн хорооны хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.