Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран Монгол Улсад үржүүлж буй Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг дөрөв дэх жилдээ хийж байна.

Австралийн мах, ноосны чиглэлийн “Мерино” үүлдрийн 18-21 микрон ширхэгтэй нарийн ноост хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж байгаа бөгөөд 2022-2023 онд хийсэн хээлтүүлгээс төрсөн хурганы ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том, мах, ноосны гарц нэмэгдсэн сайн үзүүлэлтүүд гарсан юм. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын малчин н.Бадрахын хотонд “Мерино” үүлдрийн хуцны үрээр Орхон үүлдрийн хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлгийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

Энэ онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Орхон сум, Номгон тосгоны нийт 1040 толгой хонинд дурангийн хээлтүүлэг хийж дууссан байна. 1985-1990 оны үед Монгол Улсад Хангай, Орхон, Ерөө үүлдрийн 250 мянга гаруй нарийн ноост хонь үржиж, жилд дунджаар 1100-1200 тонн нарийн ноос үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байжээ. Харин 1990 оноос зах зээлийн шилжилтийн үед үржүүлэг, селекцийн ажил зогссоны улмаас 2022 он гэхэд эдгээр үүлдрийн цэвэр хонины тоо 12 мянган толгой болж буурсан байна. Иймээс ХХААХҮЯ-ны бодлогоор нарийн ноост хонины чанарыг сэргээж, тоо толгойг өсгөх зорилгоор малзүйчдийг сурган, зохиомол хээлтүүлгийн орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн сүүлийн дөрвөн жил тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.

Нарийн ноост хонины ноос нь дэлхийд өндөр үнэ цэнтэй “Цагаан алт” хэмээн нэрлэгддэг түүхий эд бөгөөд дотоодын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн чанартай түүхий эдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой юм. Нарийн ноосоор тансаг зэрэглэлийн, зөөлөн, уян хатан, эдэлгээ сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул энэ ажил нь экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Нарийн ноост хонины чанарыг сайжруулах зохиомол хээлтүүлгийн ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.