Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставд багийн бага сургууль нээгдлээ. Багийн бага сургууль нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүс болох, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлж буй ажил юм.
Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгчээ.

Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагынхан, орон нутгийн удирдлагууд, мөн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хийж гүйцэтгэсэн байна.
Хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй. Гэвч өнөөдөр Монгол Улсад байгаа 1,575 багийн дөнгөж 44-т бага сургууль үйл ажиллагаа явуулж, 36,000 гаруй хүүхэд жилийн есөн сарын туршид гэр бүлээсээ хол суралцаж байна. Тиймээс энэхүү төсөл 6–10 насны бага ангийн хүүхдүүдийг гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа нэн онцлог юм.

Шинээр баригдсан сургууль нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Үдийн цай” хөтөлбөрийн гал тогоо, урлаг, спортын танхим, Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим орчин, тоглоомын талбай, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй ногоон байгууламж зэргийг иж бүрнээр нь шийджээ.
НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамны санаачилгаар хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд төв суурин газраас алслагдсан 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн гэртэйгээ ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.
| Хилийн застав бага сургуультай боллоо | ||
| Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.