Шууд Chart

Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна

2025-11-19 16:25:45

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 800 хүүхэд шинэ зуун жилийн хөгжлийн бодлогоо өөрсдөө тодорхойлж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Тэд шинэ зуун жилд ёс зүйгээрээ манлайлсан, зөв чанартай хүн байх нь эн тэргүүний зорилт гэдгээ тодорхойлж, оролцоо сайтай, зөв зан чанартай, соёлтой, бусдыг хүндэлдэг, боловсрол, эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмждэг, хамгаалдаг, нийгмийн бүхий л салбарт хүүхдэд ЭЭЛТЭЙ орчин бүрдүүлэх чухал байгааг онцлов.

Хүүхдийн анхдагч нийгмийн орчин бол гэр бүл. Гэр бүлдээ хайрлагдсан, хамгаалагдсан хүүхэд хөгждөг. Иймд хүүхдэд амьдрах, хайрлуулах, хамгаалагдахад хамгийн ээлтэй орчин бүрдүүлэхээр Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг ЗГ болон УИХ-аас санаачилан боловсруулж байна.

Хүүхдийн үндэсний чуулганаас хүүхдүүд өөрсдөө таван үндсэн чиглэлээр санал, шийдэл боловсрууллаа.

  1. Боловсрол: Тэгш хамруулсан, аюулгүй, хүчирхийлэлгүй сургалтын орчин
  2. Эрүүл мэнд: Хүүхэд бүрд хүртээмжтэй, хүртээмжийн ялгаа арилгасан үйлчилгээ
  3. Хөгжил ба оролцоо: Хүүхдийн дуу хоолой, манлайлал, шийдвэр гаргалтад оролцоог хангах
  4. Хамгаалал: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
  5. Гэр бүл ба нийгмийн орчин: Хүүхдэд ээлтэй орчин, тогтвортой гэр бүлийг дэмжих

Дээрх саналыг бодит ажил хэрэг болгосноор:

  • Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй, аюулгүй орчин бүрдэнэ.
  • Хүүхдийн оролцоо бодлого, шийдвэр гаргалтад бодитоор тусгагдана.
  • Хүүхдийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар сайжирна.
  • Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн үндэсний бодлогын уялдаа бий болно гэж дүгнэжээ.

Чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ зэрэг бүх байгууллага, албан хаагчид, идэвхтэй оролцсон хүүхдүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй