НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн, Т.Отгонболд, О.Зундуйдорж нар хагас коксон нүүрсний угаарын хийн судалгааг нарийн шинжлэх, судалгааг бодит тоон хэмжүүрээр гаргах, агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд төсөвлөсөн санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор асуулт тавьж, хариулт авлаа. Төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын санхүүжилтыг үр дүнтэй зарцуулах, хэрэгжүүлж буй ажилд хатуу хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн агаарын бохирдлын гол эх үүсвэрийн 55.6 хувь гэр хороолол, 28.8 хувь нь автомашин, үлдсэн хувь бусад хүчин зүйлээс хамаарч байна. Иймд агаарын бохирдлыг бууруулахын тулд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас айл өрхүүдийн сууцыг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх, хагас коксон түлш нийлүүлэх зэрэг шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Тухайлбал, Чингэлтэй, Баянгол дүүргийн 2500 гаруй өрхийн байшин, 1300 гаруй өрхийн гэрийг дулаалах явц үргэлжилж байгаа бөгөөд 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ сарын 17-ны байдлаар 984.5 тн мидлингэн шахмал түлш, 19.169 тн хагас коксон шахмал түлш нөөцөлсөн байна. 2025-2026 оны халаалтын улиралд нийт 40.000 тн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нийт 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг төсөвт батлагдсан үнээр буюу 25 кг-ын нэг шуудай түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд нийлүүлж байна. Ингэхдээ “Сайн карт”, Иргэний үнэмлэхний QR кодоор 116.381 хэрэглэгч, “Хотула” дижитал картаар 66.794 хэрэглэгч шахмал түлш худалдан авч байгаа талаар мэдээллээ гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.
| Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо | ||
| Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.