Шууд Chart

Тахийн нутаг-Хустайн нуруугаар аялав

2014-10-02 10:57:25

БОНХЯ-наас орон нутгийн телевизийн сэтгүүлч, операторуудын дунд “Тахийн нутаг-Хустайн нуруугаар” хоёр өдрийн эко аялал зохион байгууллаа. Аялалд Монгол орны өнцөг булан бүрт өөрийн аймгийн телевизээр дамжуулан орон нутгийн иргэдийн экологийн боловсролд хувь нэмэр оруулж байгаа байгаль орчны сэтгүүлчид оролцов. Аялал Төрийн ордон дахь олон нийтэд зориулсан музей, БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, төвийн ан амьтны музейг, Хустайн үндэсний парк гэсэн маршрутаар үргэлжилсэн юм.

БОНХЯ-ны мэргэжилтэн М.Ганбат энэ үеэр сэтгүүлчдэд “Ногоон хөгжлийн бодлого” сэдвээр танилцуулга хийж, БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга салбарын бодлоготой холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав. Завхан аймгаас ирсэн сэтгүүлч Б.Мягмарсүрэн “Яамдаас анх удаа орон нутгийн сэтгүүлчдийг нэг дор цуглуулж байгаад талархаж байна. Сэтгүүлчид бид байгаль орчны чиглэлээр бичих их дуртай байдаг. Мэргэжлийн яам нь орон нутагт ажилладаг сэтгүүлчдэд нээлттэй байж, мэдээлэл солилцож, албан эх сурвалж болно гэдэг бид бодитой, тэнцвэртэй бичихэд их тус болно” гэсэн бол Архангай аймгийн “АВ” ТВ-ийн сэтгүүлч Ц.Өнөрцэцэг ”Орон нутгийн сэтгүүлчдэд бүсчилсэн хэлбэрээр ч юмуу байгаль орчны эрх зүйн чиглэлийн сургалт явуулбал их хэрэгтэй байна. Байгаль орчны чиглэлийн гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар бичихэд бидэнд хуулийг хэрхэн хэрэглэх, яаж ойлгох мэдлэг, мэдээлэл их дутмаг байдаг. Энэ аялал бидний хүсч буй зүйлийн эхлэл болох байх. Цаашид хамтран ажиллана” гэв.

БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар орон нутгийн сэтгүүлчдийг Байгаль орчны газартайгаа нягт хамтран ажиллахыг тэдэнд чухалчиллаа. Тэрбээр “Яагаад хамтран ажиллахыг чухалчлаад байна гэхээр байгаль хамгаалах ажил нь зөвхөн төрийн байгууллага, хэдхэн байгаль хамгаалагчийн ажил бус. Нутгийн иргэд бол хамгийн сайн байгаль хамгаалагчид байдаг. Үзэл бодол, үйл ажиллагаагаараа нэгдсэн ИНБ мөн л сайн байгаль хамгаалагчид. Хүүхэд багачуудыг багаас нь байгаль орчиндоо ээлтэй, хэмнэлттэй ханддаг зөв төлөвшлийг нийтлэл, нэвтрүүлгээрээ дамжуулан өгч чадах хүмүүс бол сэтгүүлчид. Тийм учраас бидний хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй юм” гэлээ.


Тахийн нутаг-Хустайн нуруугаар аялав  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй