Шууд Chart

COP17: Барилгын салбарын ногоон шилжилтийг хүний эрх, тогтвортой хөгжилтэй уялдуулна

2026-08-20 16:27:59

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд “Шударга шилжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр эдийн засгийн өсөлтийг байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлтэй хэрхэн уялдуулах, бизнесийн байгууллагууд байгалийн нөөцөд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулах, үйлдвэрлэлийн шинэ тогтолцоонд шилжихэд хүний эрхийг хэрхэн хамгаалах асуудлыг хөнджээ.

Байгалийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, бүтээн байгуулалтыг дэмждэг ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий. Иймээс үйлдвэрлэлийн үр өгөөжийг хадгалахын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Шударга шилжилт гэдэг нь үйлдвэрлэлийг зогсоох тухай бус, хөгжлийн үр өгөөжийг хадгалахын зэрэгцээ байгаль орчин, хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хэнийг ч орхигдуулахгүйгээр шинэ тогтолцоонд шилжих тухай” гэдгийг онцоллоо.

Тэрбээр барилгын салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, газрын доройтлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилт тавьж буйг хэлэв.

Энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, тогтвортой барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ хүн төвтэй, эрүүл, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот, суурин газрын хөгжлийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Мөн бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг урьдчилан тодорхойлох, эрсдэлийг бууруулах хүний эрхийн магадлан шинжилгээний тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэв. Цаашид энэ чиглэлийн ойлголт, хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газар, хувийн хэвшил болон бизнесийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байна.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Барилгын салбарын ногоон шилжилтийг хүний эрх, тогтвортой хөгжилтэй уялдуулна  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй