Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-наас Монгол Улсын соёлын үнэт өв, түүхийн ховор олдворуудыг хамгаалах, хууль бусаар хил дамнасан эд зүйлсийг эх оронд нь эргүүлэн татах чиглэлээр тасралтгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-ын Парис хотноо албан томилолтоор ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Парис хотноо дараах үндсэн чиглэлээр ажиллаж, зохих үр дүнд хүрэв. Үүнд:
Олдворын төлөв байдлын үзлэг, баримтжуулалт: Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудын хадгалалт, хамгаалалтын төлөв байдалд нарийвчилсан үзлэг хийж, мэргэжлийн түвшинд бүртгэлжүүлэн баримтжуулав.
Дипломат хамтын ажиллагаа: БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, олдворуудыг албан ёсоор хүлээн авах, тээвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тээвэрлэлтийн логистик төлөвлөлт: Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтийн чиглэлээр мэргэшсэн "Гроспирон" (Grospiron) компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэлж баршгүй түүхэн олдворуудыг эх оронд нь аюулгүй, олон улсын стандартын дагуу тээвэрлэн авч ирэх логистикийн төлөвлөгөөг гаргалаа.

Монгол Улсын Засгийн газар болон ССАЖЗЯ-ны зүгээс дэлхийн өнцөг булан бүрд буй соёлын үнэт өвөө эрэлхийлэн олж тогтоох, хамгаалах, соёлын өвийн эсрэг хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд олон улсын түвшинд идэвхтэй, тууштай ажиллаж байгаагийн нэгэн бодит илрэл нь энэхүү үйл ажиллагаа болж байна.
| Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ | ||
| Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.