Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр "Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд одооноос төлөвлөж ажиллахыг чухалчлав.
Нийслэлд хэрэгжүүлж байгаа 16 мега төслийн нэг болох “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл нь Улаанбаатар хотын дагуул Аргалант-Эмээлт хот байгуулах төлөвлөлтийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 30 жилийн хугацаанд 539 га газарт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдсөн. Энэхүү төслийн эхний үе шатанд 160 га талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаснаар 18 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын эхний үе шат 2025-2039 он, хоёрдугаар үе шат 2040-2054 онд үргэлжилнэ. Парк нь жилд 7.5 сая ширхэг арьс, шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрийн аргаар, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх замаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар байгууллагынхаа үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тухайлбал, эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон арьс, шир боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлж, нэн хөнгөлөлттэй зээл олгох, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд газар ашиглуулах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.
Сайд Ц.Идэрбат "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт бол зөвхөн нийслэлийн асуудал биш. Энэ бол 160 мянган малчны амьжиргааны асуудал. Малчид хэзээ арьс, ширээ боловсруулдаг болох вэ гэсэн хүлээлттэй байгаа. Малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд онцгой анхаарал хандуулна. Мега төслүүдээс хэрэгжих хамгийн боломжтой нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” гэж харж байна. Тиймээс холбогдох тус паркийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ажлуудыг нь эрчимжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэлээ. Мөн эко аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд одооноос төлөвлөж чиглүүлэх нь чухал. Нөгөө талаар арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр Туул голын бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг онцлов.
Улсын хэмжээнд жилд 10 гаруй сая арьс, шир ашиглагдалгүй хаягддаг гэсэн статистик бий. Энэ бол боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүйгээс малын түүхий эд үнэгүйдэж байгаагийн жишээ юм. Тиймээс салбарын яамны зүгээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тухайлбал, ноос, арьс, шир, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна.
| Ц.Идэрбат: “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ажлуудыг нь эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.