Шууд Chart

Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна

2026-04-29 09:39:18

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн төвийн зургаан дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчидтэй уулзаж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Тэрбээр тээвэр, логистикийн салбарт автозам, төмөр зам, агаарын тээврийн гурван чиглэлд түлхүү анхаарч байгааг онцолж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан байна. Улаанбаатар хотын дундуур өдөр бүр нефть, шатахуун, хий зэрэг 34 төрлийн аюултай ачаа дамжин өнгөрч байгааг дурдаж, иргэдийн аюулгүй байдал, түгжрэлийг бууруулах зорилгоор ийм төрлийн тээврийг хотын бүсээс гаргах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буйг хэлэв.

Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн ажил 84 хувьтай үргэлжилж байгаа бол Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг онцоллоо.

Агаарын тээврийн салбарт навигацийн үйлчилгээний орлогын тодорхой хэсгийг салбартаа үлдээж, 2026 онд 40 тэрбум төгрөгөөр техник, тоног төхөөрөмж шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн Францын талаас 23 сая еврогийн санхүүжилтээр нислэгийн удирдлагын системийг шинэчилж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр ажиллаж буйг мэдээлэв. Түүнчлэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах боломжтой болгох зорилт дэвшүүлжээ.

Авто замын салбарт 8100 км хатуу хучилттай замын сүлжээтэй ч засвар, санхүүжилтийн хүрэлцээ хангалтгүй байгааг дурдан, уул уурхайн тээвэр ихтэй чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр тусгай зориулалтын зам барих, зарим замыг төлбөртэй ашиглалтад үе шаттай шилжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн байна.

Уулзалтад оролцсон ахмадууд нийслэлийн түгжрэлийг бууруулах, орон нутгийн замын чанарыг сайжруулах, осол аваарыг бууруулах, төмөр замын царигийн зөрүүг шийдвэрлэх, агаарын тээврийн хүний нөөцийг дотооддоо бэлтгэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ. Мөн салбарын ахмад ажилтнуудад шагнал олгох үйл явцыг шуурхай болгох хүсэлтийг илэрхийлсэн байна.


Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй