Чойжин ламын сүм музейгээс санаачлан зохион байгуулж буй “Чойжин фестиваль” зуны цагийн нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд “Монгол угсаатны хэл хуурчдын холбоо”-той хамтран хүүхэд, багачуудад зориулсан “Соёлын боловсролын цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Бүтээлч хүүхэд” өдөрлөгт Монгол угсаатны хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр уригдан оролцлоо.
Тэрбээр уламжлалт хэл хуурын гайхамшигт аялгууг орчин цагийн хөгжмийн өнгө аястай хослуулан танилцуулж, “Хөгт хүн” уламжлалт аялгуут бясалгал болон иогийн анхан шатны хөтөлбөрийг бяцхан оролцогчдод хүргэлээ.
Мөн монгол язгуур урлагийг түгээн дэлгэрүүлж буй өөрийн түүх, туршлагаас хуваалцсан нь хүүхдүүдийн сонирхлыг татаж, үндэсний өв соёлоороо бахархах, хайрлан дээдлэх сэдлийг төрүүллээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүд хэл хуур болон битбокс урлагийг хэрхэн суралцах талаар уран бүтээлчтэй нээлттэй ярилцаж, идэвхтэй хамрагдсан нь энэ удаагийн фестивалийн онцлох үйл явдлын нэг байв.
Иргэд, олон нийт, албан байгууллага, гэр бүлүүд Чойжин ламын сүм музейд зочлон, музейн тайлбарт аялалд хамрагдахын зэрэгцээ хэл хуурын аялгуут бясалгал үйлдэж, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тусгай тоглолтыг зуны турш үзэх бүрэн боломжтой гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.


| “Соёлын боловсролын цогц хөтөлбөр” хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.