Шууд Chart

“Хурдан” клубын тамирчид ирэх сард БНСУ-д болох Дроны ДАШТ-д оролцоно

2026-06-06 13:28:57

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт ажиллаж, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубын үйл ажиллагаатай танилцлаа.

“Хурдан” клуб нь өсвөр насны 135 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 32 иргэн, 74 ахмад настны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ингэхдээ сайн дурын гишүүнчлэлээр бүрдэн мэдээллийн технологийн багш нартай хамтран, цахим ур чадварын сургалтууд тогтмол зохион байгуулж буйгаараа онцлог.

Өсвөрийн “Хурдан” клубын хүүхдүүд цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдан, цахим ур чадвараа дээшлүүлж буйн зэрэгцээ Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд дроны туршилтын бүс байгуулагдсан нь тэдэнд дрон жолоодох ур чадвараа ахиулахад түлхэц болжээ.

Тухайлбал, “Хурдан” клубын тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн.

Мөн багийн амжилтаар Төвийн бүсийн аваргаар шалгарсан юм.

Ирэх долоодугаар сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус клубын 8 тамирчин "Drone soccer", "Tiny whoop" төрлөөр оролцохоор бэлтгэж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 


“Хурдан” клубын тамирчид ирэх сард БНСУ-д болох Дроны ДАШТ-д оролцоно   
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй