Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Глобал сургалтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа “Гамшигт тэсвэртэй хотын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөвлөлт, эрсдэл, сургалт хариуцсан мэргэжилтэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын алба хаагч, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Монгол Улс Сендайн үйл ажиллагааны хүрээ 2017–2030, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байна.
Сендайн үйл ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийг ойлгох, эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах сэргээн босголтыг “илүү сайнаар сэргээн босгох” зарчмаар хэрэгжүүлэхийг онцлон заасан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим юм. Энэхүү сургалт нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулсан “Хотын гамшгийн тэсвэржилтийн үнэлгээний хуудас” болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үнэлгээний аргачлалыг үндэсний түвшинд нутагшуулах чухал алхам юм” гэлээ.
Сургалтад оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмшиж байна.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, гамшигт тэсвэртэй хотын үнэлгээ хийх сургагч багшаар бэлтгэгдэх юм.

| "Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах" сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.