Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын Нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд төлөвлөж, газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 м урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил дуусч, метал гүүрийн гол хийцлэлийн ажлын бэлтгэлийг хангаж байна.
Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид зам хөндлөн гарахдаа төмөр замын хөдөлгөөнөөс ангид байж, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.
Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолсон.
Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайн байршлын явган зорчигчийн зам, дугуйн замын ажил дууссан.
Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм.
“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.
Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
| Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.