Шууд Chart

Б.Нямаа: Хөгжлийн банкны 115 сая ам.доллараар Оюутолгойгоос авсан зээлээ төлсөн

2014-10-24 17:18:23

Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон хоёр тоглогчийн хувьцааг засгийн газар Сангийн яамны мэдэлд шилжүүлээд байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн хувьцааг эхлээд шилжүүлсэн бол, дараа нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцааг шилжүүллээ. Хоёр яам нэгдэж байгаатай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яамны мэдлийн “Хөгжлийн банк” Сангийн яаманд ирж магадгүй гэсэн мэдээлэл мөн байна. Ийнхүү сангийн яамны мэдэлд манай улсын санхүүгийн томоохон байгууллагуудын зарим нь ирээд байгаа бол, зарим нь удахгүй ирж магадгүй нь... Тиймээс энэ асуудлаар Сангийн яамны Санхүүийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Д.Нямаатай ярилцсан юм.

- Монголын хөрөнгийн биржийн талаар авах зарим арга хэмжээний тухай 152 тогтоолыг засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын дундуур гаргасан.  Энэ тогтоолд Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших эрхийг Сангийн яамыг руу шилжүүлэх тухай тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийг Төрийн өмчийн хорооны мэдлээс гаргаж, Сангийн яамны мэдэлд авчирлаа. Ингэх болсон шалтгаан нь?
- Хөрөнгийн зах зээл манай улсын эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод байгаа. Тиймээс энэ зах зээлийн хөгжлийн асуудлаар УИХ, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран сүүлийн хоёр жил нэлээд арга хэмжээ хэрэгжүүллээ. Тухайлбал, УИХ өнгөрсөн оны тавдугаар сарын 24-нд “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан байх жишээтэй. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн шинэчлэлтэй холбоотой маш олон ажил хийгдэхээр төлөвлөгдөөд, хүлээгдэж байна. Энэ бүх шинэчлэлийн ажлын том зангилаа нь Монголын хөрөнгийн бирж болчихоод байгаа юм. Гэтэл энэ бирж маань шинэчлэлийн ажлаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй, зах зээлийн хүсэн хүлээсэн түвшинд ажиллахгүй байсан. Шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд ч, хууль эрхзүйн орчны хувьд ч нэлээд төвөгтэй байдал үүсээд байсан учраас, Монголын хөрөнгийн биржийн хувьцаа эзэмших эрхийг сангийн сайдад шилжүүлсэн юм.

-“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 292 тогтоолыг засгийн газар өнгөрсөн сарын дундуур мөн гаргалаа. Энэ тогтоолын дагуу сангийн яам тус байгууллагын хувьцаа эзэмшигч боллоо. Уг байгууллагыг хоёр хуваах эрхийг ч танай яаманд өгсөн байгаа?
- Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хоёр зүйл нөлөөлж байгаа. Нэг талаас, манай хөрөнгийн зах зээл гаднаас хөрөнгө оруулагч, эх үүсвэр татах нөхцөл бүрдсэн үү гэдэг асуудал байна. Нөгөө талаас, тэр үйл ажиллагааг явуулж эхлэхэд үнэт цаасны зах зээлийн дэд бүтэц үүнийг авч ажиллуулах бололцоотой юу гэдэг асуудал байгаа юм.  Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болох Үнэт цаасны төлбөр тооцоо,  төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ өнөөдөр төлбөр тооцоо, хадгаламж бүртгэлийн ажлыг дангаараа гүйцэтгэж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар, энэ хоёрыг салгах ёстой юм. Ингэхдээ, төлбөр тооцоо тусдаа, хадгаламж бүртгэл тусдаа байх ёстой гээд заачихсан. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга гарснаас хойш энэ ажил хийгдээгүй явж ирсэн. Харин салгах ажлыг хийх зорилгоор “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 292 тогтоолыг засгийн газар өнгөрсөн сард гаргалаа.

- “ҮЦТТТХТ”-өөс үнэт цаасны хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийг тусгаарлаж, түүнийг шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит хуулийн этгээд рүү шилжүүлэх тогтоол гарсан. Харин “ҮЦТТТХТ”-ийг үнэт цаасны тооцооны болон төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болгон өөрчилж, хувьцааг нь Монголын хөрөнгийн биржэд эзэмшүүлэхээр болсон. Энэ хуваах, салгах үйл явц хэзээ эхлэх вэ?
- “ҮЦТТТХТ”-ийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг шинэчлэх сангийн сайдын тушаал гарсан байгаа. Түүнээс салгах үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. Гэхдээ энэ байгууллагыг хэрхэн яаж салгах вэ гэдэг дээр тусгайлсан ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Ажлын хэсэг яагаад томилсон бэ гэхээр, салгах үйл ажиллагаа ямар нэгэн эрсдэлгүйгээр хийгдэх ёстой. Маш олон хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна,  мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах ёстой байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд алдагдалгүй, эрсдэлгүй хуваах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын хөрөнгийн бирж”, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Сангийн яам”-наас холбогдох албан тушаалтнууд орж ажиллаж байна. Ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл” хуваах, салгах үйл ажиллагааг хэрхэн яаж, зохион байгуулах нь зүйтэй вэ гэдэг дээр зөвлөмж өгсөн байгаа.

- Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл”-өөс зөвлөмж өгсөн гэлээ. “ҮЦТТТХТ”-ийг хуваах, салгахад чухам юуг анхаараарай гэж байх юм. Зөвлөмжийг ажлын хэсгийнхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?
- Энэ бодлогын зөвлөлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, “Монголын хөрөнгийн бирж”, “Санхүүгийн зохицуулах хороо”, “Сангийн яам”, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байдаг. Ийм бүрэлдэхүүнтэй бодлогын зөвлөлөөс “ҮЦТТТХТ”-ийг хуваахад, хэд хэдэн эрсдэлд учирч болзошгүй байгааг анхаараарай гэсэн зөвлөмж өгсөн.

- Монголын хөрөнгийн бирж 1996-1999 оны хооронд “ҮЦТТТХТ”-ийн 1 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулж, салхинд хийсгэсэн гэгддэг. Тиймээс ч энэ хоёр байгууллагыг хэдхэн жилийн өмнө салгасан. Гэтэл өнөөдөр “ҮЦТТТХТ”-ийг хуваах замаар буцаагаад Монголын хөрөнгийн биржийн мэдэлд аваачих гэж байна. Өмнө нь гарч байсан шиг эрсдэл гарахгүй юу?
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд, төвлөрсөн хадгаламж эрхэлдэг хуулийн этгээд монгол улсад цорын ганц байна гээд заачихсан. Бид “ҮЦТТТХТ”-өөс төвлөрсөн хадгаламж бүртгэлийг тусгаарлаж, сангийн яамны дэргэд хуулийн этгээд байгуулан шилжүүлнэ. Өнөөдөр “ҮЦТТТХТ”-д иргэд, аж ахуйн нэгжийн мэдээлэл, данс байна. Энэ дансны 11.5 тэрбум төгрөгийг  Монголын хөрөнгийн биржэд өгөхгүйгээр, Сангийн яамны дэргэд байгуулагдах хуулийн этгээд рүү шилжүүлэх юм. Харин төлбөр тооцоо хийдэг тэр хэсгийг салгаад, Монголын хөрөнгийн биржийн оролцоотой компани байгуулах тогтоолыг засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл, манай яамны дэргэд “Монголын хөрөнгийн бирж”, “Төвлөрсөн хадгаламж” гэсэн хоёр компани байх юм... Тиймээс ч төвлөрсөн хадгаламжийн данс, мөнгө, мэдээллийг Монголын хөрөнгийн биржэд өгөхгүй. Харин Монголын хөрөнгийн биржийн дэргэд, “Төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд байгуулах юм.

- “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөлд, Монголын хөрөнгийн биржийн 66 хувийг хувьчлахаар тусгасан. Монголын хөрөнгийн биржийг ингэж хувьчлахад, хөрөнгийн биржийн дэргэд байгуулагдах “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх байгууллага давхар хувьчлагдах эрсдэл байгаа юм биш үү?
- Засгийн газрын тогтоолд, “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг Монголын хөрөнгийн биржийн оролцоотой байгуулна гэж тусгасан байгаа. Харин Монголын хөрөнгийн биржийн өмчлөлд  “төлбөр тооцоо”-ны үйл ажиллагаа бүхэлдээ байх нь зохимжгүй юм биш үү гэдэг асуудлыг бусад мэргэжлийн оролцогчдын зүгээс тавьж байгаа. Гэхдээ энэ нь хувьчлалын хөтөлбөр гарсаны дараа яригдах асуудал. Одоогийн байдлаар “төлбөр, тооцоо”-ны хэсгийг хэрхэн яаж хувьлах талаар тодорхой болгоогүй байна.

- Сангийн яам сүүлийн үед нүдний өмнө томроод байх боллоо. “Зоос” банкны суурийн дээр “Төрийн банк” байгуулагдаж, Сангийн яамны мэдэлд хэдэн жилийн өмнө очсон. Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцааг энэ онд танай яам авлаа. Сангийн яамны халаас руу мөнгө, хөрөнгийн зах зээлийн томоохон байгууллагууд ороод байгааг гайхах хүн цөөнгүй байна?
- Төрийн өмчийн хороо, төрийн өмчийн компаниудын өмчлөлийн эрхийг асуудлыг хэрэгжүүлдэг ийм байгууллага. Энэ хороонд төрийн өмчит санхүүгийн байгууллагууд байхаар ямар асуудал үүсч байна вэ гэхээр, мэргэжлийн чадвар нь  төдийлөн хүрэлцэхгүй байгаа. Тэр ч агуулгаараа, сангийн яам энэ үйл ажиллагаанд түлхүү оролцох ёстой гэсэн бодлого барьж байна. Сангийн яам санхүүгийн салбарын үйл ажиллагааны бодлогыг баридаг, тэр чиглэлийн зохицуулалтыг хийдэг байгууллага. Тиймээс санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчтэй компаниудын үйл ажиллагаанд оролцож байгаа гэсэн үг. Гэхдээ манай яам өдөр тутмын үйл ажиллагааг нь гардаж хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Зөвхөн бодлогын түвшинд оролцож байгаа юм.

- УИХ энэ сарын долоонд “Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг баталлаа. Ингэснээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэх эцсийн шийдвэр гарлаа. Одоо Эдийн засгийн хөгжлийн яамны мэдлийн “Хөгжлийн банк”  Сангийн яамны мэдэлд ирэх үү гэсэн асуудал яригдаж  байна?
-  Яг одоогийн байдлаар манай яамны  өмчлөгчийн эрхэнд “Хөгжлийн банк” ирсэн зүйл алга байна. Засгийн газар өмчлөгчийнхөө эрхээ өөрөө хэрэгжүүлээд явж байгаа. Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж дуусахаар хэрхэх нь тодорхой болох байх.

-Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд худалдаж авсан ч, үүнийг төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулаагүй гэж тус банкны гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Гэхдээ сангийн яам төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг биз дээ?
-  УИХ дээр энэ асуудал яригдсаны дараа, бид үүнийг тодруулж, шалгаж үзсэн. Хөгжлийн банкны удирдлагуудаас ямар зориулалтаар бонд авсан гэдгийг тодруулахад, энэ банкны бүх хөрөнгө арилжааны банкууд дээр байршиж байгаа. Энэ нь арилжааны банкуудын нийт активын 10 гаруй хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн банкны бүх  хөрөнгө арилжааны банкнаас 100 хувь хамааралтай, эрсдэлтэй байна гэсэн ийм зүйл ярисан. Тиймээс энэ эрсдлийг бууруулах зорилгоор 110 тэрбум төгрөгийн засгийн газрын бондыг банк хоорондын захаас авсан байсан. УИХ-аар  2014 оны улсын төсөв батлуулах үед,  бидэнд 1.4 их наяд төгрөг хүртэлх дотоод бонд гаргах зөвшөөрөл өгсөн. Энэ хүрээнд, бид бонд гаргаж арилжаалсан. Үүнийг зөвхөн төрийн сангийн мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан юм. Бүх мөнгө хаашаа орсон, хаанаас гарсан гэдгийг хөөгөөд явбал, төсвийн алдагдал санхүүжүүлсэн мэт харагдаж магадгүй. Гэхдээ нөгөө талаасаа энэ нь,  эрсдэлээ бууруулж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ашиг олдог хэрэгсэл. Нэг ёсондоо хөрөнгө оруулагч, эх үүсвэр татагч хоёрын санхүүгийн зах зээл дээр хийж байгаа арилжаа гэж ойлгож болох талтай.

- Хөгжлийн банкны худалдаж авсан бондын эх үүсвэрээр төсвийн алдагдал санхүүжүүлсэн байвал, засгийн газар хууль зөрчсөн болно биз дээ?
- Хөжлийн банк засгийн газрын бонд худалдаж авч болохгүй гэсэн хууль байхгүй.  Хуулиараа хөрөнгөө бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл,  үнэт цаасанд байршуулах эрхтэй. Гэхдээ “Чингис” бондын орлогоор төсвийн алдагдал санхүүжүүлж болохгүй гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ-ын тогтоол бий. Энэ хүрээнд, “Чингис” бондын хөрөнгөөс засгийн газрын бонд худалдаж авсан зүйлгүй. Бүгд арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байгаа гэсэн тайлбарыг Хөгжлийн банкны удирдлага өгсөн. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгөөс 110 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас аваагүй гэж тайлбарлаж байгаа. Үүнийг Хөгжлийн банкны бусад банк, санхүүгийн байгууллагаас төвлөрүүлсэн хөрөнгөөр авсан гэж тайлбарласан.

- Хөгжлийн банкны түргэн борлогдох актив 1.7 тэрбум төгрөг байгаа. Энэ нь арилжааны банкуудын нийт активын 10 хувийг эзэлж байгаа учраас 277 тэрбум төгрөгийн засгийн газрын бонд авсан гэж мэдэгдэж байгаа. Та болохоор зөвхөн 110 тэрбум төгрөгийн бондын талаар ярилаа. Үлдэх бондын мөнгийг чухам юунд зарцуулсан юм бол?
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийг баталгаажуулах зорилгоор, засгийн газрын бонд гаргах шийдвэр гарч байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсаны дараа эхний ээлжийн 115 сая ам.долларын хямдруулсан бондыг 5 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөрөнгө оруулагчид арилжаалсан. Харин үүнээс 100 сая ам.доллар бэлнээр орж ирсэн. Үүнийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан “Эх орны хишиг” олгоход зарцуулсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл энэ мөнгөний төлбөрийг хийх хугацаа 2014 оны аравдугаар сарын 17-нд дууслаа. Тиймээс бид хаалттай хэлбэрээр 115 сая ам.долларын бонд гаргаж, “Хөгжлийн банк”-инд худалдсан юм. Хөгжлийн банкинд яагаад долларын бондыг шууд худалдсан бэ гэхээр, валютын зах дээрээс шууд 115 сая долларыг худалдаж авахад нэлээд төвөгтэй, ханш хөөрөгдөж болзошгүй байсан. Тиймээс ханшид нөлөөлөхгүйн тулд, ийм байдлаар зохицуулалт хийсэн. Нөгөө талаас, Хөгжлийн банк долларын эх үүсвэрээ тодорхой хүүтэйгээр байршуулж байж, хүүгийн зардлаа нөхөх ёстой. Тэр ч үүднээс, Хөгжлийн банк 115 сая ам.долларын засгийн газрын бонд худалдаж авсан байж байгаа.

- Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдсэний дараа бид, хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүний 100 сая ам.долларыг сая хүүгийн хамт төллөө. Үлдэх мөнгийг хэрхэх юм бол. Энэ урьдчилгаа төлбөрийг татварт суутгана гэж ярьж байгаагүй бил үү?
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа, хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүний 100 сая ам.долларыг бэлнээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Энэ гэрээний хугацаа сая дууссан учраас 100 сая ам.долларын үндсэн төлбөрийг, 15 сая ам.долларын хүүгийн хамт хөрөнгө оруулагчдад хугацаанд нь төлж, барагдууллаа. Харин үлдэх 150 сая ам.долларыг татварт суутгаад явж байгаа. Суутгал хараахан дуусаагүй байна. Энэ жил 60 сая ам.доллар, ирэх онд мөн 60 сая ам.долларыг татварт суутгана. Харин 2016 онд үлдэх хэсгийг суутгах юм. Урьдчилгаа төлбөрийг тодорхой хэмжээгээр татварт суутгаж байгаагаас гадна, тодорхой татваруудыг бэлэн мөнгөөр мөн төлүүлж байгаа.

- Засгийн газрын үнэт цаас гэснээс, дотоод бондын өрийн үлдэгдэл яг одоо хэд байгаа вэ?
- Ер нь төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоод бонд гаргаж байгаа. Төсвийн орлого ихэвчлэн дулааны улиралд, оны сүүлчээр ордог. Оны эхэнд төдийлөн сайн бүрддэггүй учраас, засгийн газар бонд гаргаж зардлаа санхүүжүүлдэг. Харин оны сүүлчээр орлого ороод ирэхээр, бондын төлбөрөөр барагдуулаад явдаг санхүүгийн хэрэгсэл.  Өнгөрсөн оноос шилжиж ирсэн засгийн газрын дотоод бондын үлдэгдэл 1.7 их наяд төгрөг байсан. Энэ жилийн тухайд бид 2 их наяд төгрөгийн бонд арилжаалсан. Өмнө гаргасан бондын төлбөрийг барагдуулж,  шинээр гаргах байдлаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 2.1 их наяд орчим төгрөгийн дотоод бондын үлдэгдэлтэй байна. Цэвэр дүнгээрээ додоод бондын үлдэгдэл 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бондыг ихэвчлэн  иргэд, аж ахуйн нэгж, арилжааны банкууд, гадаадын хөрөнгө оруулагчид авсан. Дээр нь “Хөгжлийн банк”  орж ирж байна. Он дуустал хуваарийн дагуу нэмж 500 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийнэ. Одоогийн өргөн барисан төсвийн төсөлд, ирэх онд 1.8 их наяд төгрөгийн дотоодын бонд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-  Манай улсын өр энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэх ёсгүй хуулийн заалт бий. Одоогоор улсын өр ДНБ-ий хэдэн хувьтай байгаа вэ?
- Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өр ДНБ-ий 49 гаруй хувьтай байна. Оны төгсгөл гэхэд, ДНБ-нд эзлэх улсын өрийн хэмжээг аль болох буулгахаар зорьж байна. Гэхдээ эдийн засаг болон төсвийн хүндрэлийн улмаас, энэ жилийн хувьд улсыг өрийг их хэмжээгээр буулгаж чадахгүй байж магадгүй байна. Өнгөрсөн оны эцэст улсын өр ДНБ-ий 49.9 хувьтай байсан. Өнгөрсөн оны түвшинд хадгалж гарч ч магадгүй.

Нийтэлсэн: А.Энхтуул

Б.Нямаа: Хөгжлийн банкны 115 сая ам.доллараар Оюутолгойгоос авсан зээлээ төлсөн  
Үзсэн: 2899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй