Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ)-ны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025-26 оны улирал өнгөрөгч оны намар эхэлж, багууд 1-р тойргийн тоглолтуудаа хийгээд байсан билээ. Улмаар өвлийн улирлын завсарлагын дараа эргэн гадаа талбайн улирал эхэлж, Дээд лигийн тэмцээн 2-р тойргийн тоглолтуудаараа эргэн ирлээ. Энэ жилийн хувьд хөлбөмбөгийн Дээд лигийн тэмцээний 30 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлогтой юм. Мөн энэ хаврын тойргоос эхлэн Дээд лигийг зохион байгуулах ажлыг эргэн МХБХ-ноос хариуцан явуулахаар болжээ.
Тэмцээний 2-р тойргийн тоглолтын өмнөх гол шуугиан лигийн сүүлийн 2 улирлын аварга “СП Фалконс” баг лигтээ үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон нь байсан юм. Үүнийг дагаад аваргуудын бүрэлдэхүүний шилдэг тоглогчид аль багууд руу шилжих вэ гэдэг нь үзэгч, дэмжигчдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Мөн нэг баг хасагдсан учраас лигийн систем өөрчлөгдөж, урьдын адил 3 тойрог тоглохгүй болсон. Тодруулбал 9 баг 2 тойрог тоглосны дараа эхний 4 баг хоорондоо нэмэлт 2 тойрог, сүүлийн 5 баг нэмэлт 1 тойрог тоглож дүнгээ гаргахаар боллоо. Ингэхээр эхний 4 баг 22 тоглолт, сүүлийн 5 баг 20 тоглолт хийснээр лигийн тэмцээний шилдгүүд тодрох юм.
"УЛААНБААТАР" ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖИЛЛЭЭ...
Хаврын тойргийн нээлтийн тоглолт Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” болон “Ховдын Хүлэгүүд” багуудын хооронд боллоо. Хүснэгтийн дэд байрт жагсаж буй “Нийслэлчүүд” эхний 10 минутад 3 гоол хийж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Улмаар 4:1 харьцаатай хожиж, улирлын 7 дахь хожлоо авч 23 оноотой боллоо. У.Тэмүүлэн энэ тоглолтод хеттрик хийсэн бол Б.Балжинням 1 гоол орууллаа. Шигшээ багийн довтлогч Б.Балжинням удаан хугацаанд бэртэлтэй байсны дараа өнгөрсөн улирлаас эргэн талбайдаа гарсан бөгөөд одоо өөрийн тоглолтоо 100% гаргах түвшинд байгаа нь энэ тоглолтоос харагдлаа.
“Улаанбаатар” багийн хувьд Европын хөлбөмбөгийн холбооны “A” зэрэглэлтэй дасгалжуулагч, Испани мэргэжилтэн Марио Песог багтаа ажиллуулж байна. Мөн энэ улирал гадны нэг л тоглогчтой байгаа нь үзэгчдийн эчнээ танил болсон Акихиро Сүзүки юм. Тэрээр өмнө нь “Улаанбаатар” багийн бүрэлдэхүүнд Дээд лигт 2 улирал тоглож, алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай. Ингэхдээ 2023 онд аварга болсон жилээ лигийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарсан бөгөөд бүрэлдэхүүний хамгийн чухал тоглогчдын нэг байсан билээ.
Тэд дотооддоо хийсэн онцлох наймаа гэвэл төвийн хамгаалагчийн байрлалд С.Жамбалбавууг авчээ. Шигшээ багийн олон шилдэг тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан “Улаанбаатар” баг ийнхүү Монгол тоглогчдоороо аварга авах дайралтаа эхлүүллээ. Тэд энэ жил дотоод тоглогчдынхоо нөөцөөр аварга болж, өвөрмөц амжилтыг гаргах зорилготой байна. Тэд одоогоор лигийн 2-р байрт яваа ч энэ улирал хожигдоогүй байгаа 2 багийн нэг юм.

ТЭРГҮҮЛЭГЧИД УЛИРЛЫН 8 ДАХЬ ХОЖЛОО АВЛАА...
Өнгөрсөн улирал боломжгүй мэт зүйлийг боломжтой болгож Дээд лигтээ үлдсэн “Централ Сталлионс” баг энэ жил бүр ч илүү хүчтэйгээр орж ирсэн билээ. Тэд эхний 8 тоглолтын дараах байдлаар удаах багаасаа 2 онооны илүүтэй лигийг тэргүүлж байсан. Энэ удаад 2:1 харьцаатай “Хоромхон” багийг хожиж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ. “Сталлионс” нийт 8 хожиж, 1 тэнцээд байна. Гоолуудыг Марселу ЖР 36’, Лукас Карвалю 52’(т.ц) нарын Бразил тоглогчид нь орууллаа.
“Азарганууд” мөн О.Энх-Оргил, Ч.Бат-Эрдэнэ, С.Отгонцагаан нарын сүүлийн 2 улирал аварга авсан чадварлагч хамгаалагчдыг багтаа авчээ. Тэдний туршлага, ур чадвар шинэ баг нь аварга авах зорилгод ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.

Нөгөө талд “Хоромхон” багийн ахлагч Н.Наранболд 7’(т.ц) нэг гоол орууллаа. Энэ улирал тэд залуучууддаа илүү боломж олгож, туршлага суулгах зорилготой байна. Тиймээс гадны тоглогчгүйгээр тоглож, шинэ залуу үедээ итгэл хүлээлгэж буй аж.

"ХАНТЕРС", "ВЕСТЕРН" ОНОО ХУВААЛАА...
Энэ тойрогт лигийн хүснэгтийн 5 болон 6-р байрт ердөө 2 онооны зөрүүтэй бичигдэж байсан “Хантерс” болон “Вестерн” багууд учраа таарсан нь онцлох тоглолтуудын нэг байсан. Хэн хожсон 5-р байраа авах ач холбогдолтой тоглолтод багууд (0:0) хуурай тэнцлээ. “Хантерс” баг БНСУ-ын мэргэжилтэн, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Мо Жион Илийг багтаа авчраад байгаа нь гол өөрчлөлт юм. Түүнчлэн БНСУ-аас 4 тоглогч багтаа нэгтгээд буй. Лигт 2 дахь улиралдаа тоглож буй тэд өнгөрсөн улирлын 7-р байрын амжилтаа ахиулж, Дээд лигийн түвшинд удаан хугацаанд тогтвортой амжилт гаргах сууриа сайн тавих зорилготой байна.

Харин “Вестерн” гадны тоглогчгүй, 100% Монгол тоглогчдоороо хаврын тойргийг эхлүүллээ. Тус багийн хувьд энэ жилдээ амжилт гэхээсээ илүү эхлээд Дээд лигийн тэмцээнд өөрсдийн байр сууриа олох, тамирчдаа түвшин ахиулж, илүү туршлагажуулах зорилготой байна. Анхны жилээ Дээд лигт тоглож буй “Вестерн” намрын тойрогт 8 тоглолтоос 3 хожил авч сайн тоглолт үзүүлсэн бол 2-р тойргийн эхний тоглолтоосоо 1 оноо авч чадлаа. Энэ жилийн тэд Дээд лигтээ үлдэх нь тэргүүн зорилт бөгөөд ирэх улирлуудад тогтвортой өсөлт гаргахаар төлөвлөж байна.

"ХАНГАРЬД" ХАВРЫН ТОЙРГИЙГ ӨНГӨТЭЙ ЭХЛҮҮЛЭЭ...
Энэ жилийн аваргын төлөө дайралт хийх гол багуудын нэг бол сүүлийн 2 улирлын мөнгөн медальт “Хангарьд” юм. Тэд энэ улирал хүчтэй өрсөлдөнө гэдгээ харуулж, 2-р тойргийн эхний тоглолтдоо “Улаангом”-ыг 5:1 харьцаатай хожлоо. Мөн тоглолтын хурд, ойлголцол, хувилбар зэргээрээ бэлтгэл сургуулилт тун сайтай байгаагаа харуулж, хаврын нээлтийн тойрогт хамгийн олон гоол оруулсан баг боллоо.
Багийн шинэ дасгалжуулагчаар сүүлийн хоёр улирал “Хантерс” багийг удирдсан Ч.Мөнхбат томилогджээ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг мастеруудын нэг тэрээр өмнө нь "Атлетик220", "Дэрэн" багуудыг удирдаж байсан билээ. Туслах дасгалжуулагчаар Иран мэргэжилтэн Ахмад Али ирсэн бөгөөд тэрээр өмнө нь 2023 тус багтаа ажиллаж байсан туршлагатай.
“Хангарьд” намрын тойрогт тоглосон гадны тамирчдаа бүгдийг нь явуулж, шинээр 5 легионер тоглогч авчээ. Мөн “СП Фалконс” багаас авсан А.Содмөнх, Э.Хосбаяр нарын тамирчдаа шууд гараанаас тоглууллаа. Түүнчлэн өвлийн солилцооны цонхоор Г.Буяннэмэх (Ховдын Хүлэгүүд), Ө.Цэлмүүн (СП Фалконс), Б.Мөнхсүлд (Хантерс) нарын залуу тоглогчдоор хүчээ зузаатгажээ.

БНСУ-аас ирсэн жигүүрийн довтлогч Жо Хүбин (29’) эхний гоолыг оруулсан бол A.Содмөнх (36’) шинэ багийнхаа төлөөх эхний тоглолтдоо эхний гоолоо хийлээ. Мөн З.Тэмүүлэн (66’), Б.Төгөлдөр (80’) болон сэлгээгээр орж ирсэн Нигер довтлогч Жон Боско 90+2' нар нэг гоол орууллаа. Багийн мэргэн бууч З.Тэмүүлэн энэ улирлын эхний 9 тойргийн дараах байдлаар 9 гоол оруулсан үзүүлэлттэй байна.

Лигийн шинэ баг болох “Улаангом” эхний тойрогт “Хангарьд” клубт 10:0 харьцаатай хожигдож байсан. Тэгвэл энэ удаад хэдий хожигдсон ч хаврын тойргийг илүү өсөлттэй эхлүүлж буйгаа харууллаа. Тэд гарааны бүрэлдэхүүндээ гадны 2 тоглогч гаргасан бөгөөд тоглолтын эхний гоолыг хамгаалагч Т.Пүрэвдорж (22’) мөргөж оруулсан юм.
Дээд лигийн тэмцээний хүснэгт (9 тойргийн дараах байдлаар):

МХБХ-ны Үндэсний Дээд лигийн тэмцээнд энэ улиралд цааш 9 баг өрсөлдөх болсон учраас тойрог бүрд нэг баг тоглолтгүй өнжинө. Энэ удаад "Дэрэн" баг тоглолтгүй өнжлөө. Багууд дараагийн долоо хоногийн амралтын өдрүүдэд улирлын 10 дахь тоглолтуудаа хийнэ.
Дээд лигийн 10-р тойргийн тоглолтуудын хуваарь:

| Дээд лигийн хаврын тоглолтууд эхэллээ | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.