Шууд Chart

“Авто худалдааны цогцолбор” 14000 авто машины зогсоолтой байна

2014-11-12 10:39:34

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 18 тоот тогтоолоор “Авто Худалдааны Цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Уг цогцолбор нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх бөгөөд нийслэл дахь авто машин, техник болон тэдгээрийн дагалдах хэрэгслийг худалдаалдаг 9 томоохон зах, 34 цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэн үйл ажиллагаагаа явуулах юм. 
“Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой байх аж. Эхний ээлжинд 4 блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Уг цогцолборын ажлыг “Тэгшт плант” ХХК, “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК гэсэн 4 компани гүйцэтгэж байна. Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газрын хэмжээг нэмээд 30 га талбайг ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байна. Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм. 

 


“Авто худалдааны цогцолбор” 14000 авто машины зогсоолтой байна   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-12 12:03
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй