Шууд Chart

Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа бий юу...

2015-01-30 16:39:12

Улс төрийн намууд байгалийн баялгаасаа иргэддээ хувь хүртээх амлалт өгч, 2008 оны парламентийн сонгуульд хүч үзсэн. Тухайн үед АН иргэн бүртээ 1 сая төгрөгийн “эрдэнийн хувь” тараахаа мэдэгдсэн бол, МАН 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг”  олгохоо амласан. Харин сонгуулийн дараа хоёр нам хамтарч засаг барьсан учраас амлалтаа нэгтгэж, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн “Эх орны хишиг-эрдэнийн хувь” олгохоор болсон юм. Энэ дагуу ашигт малтмалаас олж буй орлогын тодорхой хувийг хүний хөгжил санд төвлөрүүлж, 2010 оноос эх орны хишиг олгож эхэлсэн байдаг. Эхний жил 120 мянган төгрөг олгосон бол, дараагийн жилээс сар бүр 21 мянган төгрөг өгсөн юм.  Өөрөөр хэлбэл, 2010-2012 оны зургаадугаар сар хүртэл иргэн бүрт 500 мянган төгрөг бэлнээр олгож, улстөрийн намууд сонгуулийн амлалтынхаа тодорхой хувийг биелүүлсэн юм.

Харин үлдэх сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгосон гэж ойлгож болно. Тухайлбал, Тавантолгойд үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” компанийг 2010 оны сүүлчээр 15 тэрбум ширхэг хувьцаатай байгуулж, үүний 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Тухайн үед үүнийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд хуваарилахад, нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдсон. Гэхдээ энэ нь сая төгрөгт дүйцээгүй юу... Эсвэл өөр шалтгаан байсан уу...  2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бөгөөд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой”-н 536 ширхэг хувьцаа нэмж олгосон юм. Ингэж л эх орны хишгийн үлдэгдэл сая төгрөгийг 1072 ширхэг хувьцаагаар барагдуулж, “Эрдэнэс-Тавантолгой”-н 20 хувийн эзэд Монгол Улсын иргэд болсон түүхтэй.

Гэхдээ тухайн үед ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 300 мянган иргэн хувьцаагаа Засгийн газарт өгч, нэг сая төгрөгийн эх орны хишгээ бэлнээр авсан байдаг. Мөн хүний хөгжил сангаас сая төгрөгийн сургалтын төлбөр авсан оюутнууд хувьцаагаа улсад эргүүлэн өгсөн юм. Тэдний нэгэн адил 1.6 сая иргэн хувьцаагаа мөнгөжүүлэх санал тавьсан ч, бүтэлгүйтсэн тал бий. Тухайн үед  “Эрдэнэс-Тавантолгой”-н 10 хувийг 41390 үндэсний компанид худалдаж, үүнээс босгосон 1.4 их наяд төгрөгөөр хувьцаагаа мөнгөжүүлэх санал гаргасан 1.6 сая иргэний хүсэлтийг биелүүлэхээр төлөвлөж байсан нь нууц биш. Гэвч тухайн үед ердөө 3842 компани хувьцаа худалдаж авах захиалга ирүүлснээс, 1228 Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд мөнгөө байршуулсан байгаа юм.

 Тэдгээрээс 595 компани өөрсдийн нэрийн дансанд хувьцаагаа байршуулж, үнэт цаас эзэмших эрхээ баталгаажуулсан байх юм. Ийнхүү цөөхөн хэдхэн компани хувьцаа худалдаж авсан учраас, 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлэх санал тавьсан иргэдийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Үүгээр тооцвол өнөөдөр цөөн тооны компаниудаас гадна, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эх орны хишгээ бэлнээр аваагүй иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай байх ёстой. Гэтэл 1.1 сая иргэнд хувьцааны бичилт хийгдээгүй гэх асуудал сөхөгдөж байна. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой”-н компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр тус компанийн Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Лхагвасүрэн дараах тайлбарыг өгсөн юм.


“Эрдэнэс-Тавантолгой”-н нийт хувьцааны 6.5 иргэд эзэмшиж байгаа бол, 1.1 сая иргэнд хувьцааны бичилт ч ийнхүү хийгээгүй байна. Тэр ч утгаараа эдгээр иргэдэд хувьцааны бичилт хийх, эсвэл мөнгийг нь олгох эсэхийг нэг мөр болгох ёстой болж байгаа юм. Үүний дараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хөрөнгийн биржэд бүртгүүлж, иргэд хувьцаанаасаа хувь хүртэх боломжоор хангаж байж, 2008 оны сонгуулийн амлалт бүрэн утгаараа хэрэгжих юм. Компанийн удирдлагуудын зүгээс 2015-2016 онд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржэд бүртгүүлнэ гэж мэдэгдэж байсан. Энэ хугацаанд амилах магадлал ч бий. 1072 ширхэг хувьцаа тараасан АН болон МАН засагт дахин хамтрах болсон учраас иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааг амилуулахын төлөө явна гэсэн найдлага иргэдийн дунд байгаа нь нууц биш. Энэ ч биеллээ олж магадгүй үйл явдал сүүлийн өдрүүдэд өрнөж байна.

Тодруулбал, Тавантолгойн Баруун, Зүүн цанхийн хөрөнгө оруулагчаар манай “Энержи ресурс”, Хятадын “Шэнхуа энержи”, Японы “Сумитомо” компаниуд шалгарсан. Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн тэдэнтэй энэ сарын 5-нд албан ёсоор хэлэлцээр хийж эхэлсэн. Анхан шатны мэдээлэл солилцох хэлэлцээр гурван долоо хоног үргэлжилж, ойлголцолд хүрсэн учраас хоёр дахь шатны хэлэлцээрийг энэ сарын 26-нд эхлүүлсэн юм. Хоёр дахь шатны шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлэхийн өмнө Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч УИХ намын бүлгүүдэд мэдээлэл сонсгох ёстой байсан. Гэвч АН-ын бүлэг Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сонсч амжаагүй юм. Шалтгааныг нь тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар даваа гарагт ингэж тайлбарласан юм.


Харин УИХ дахь МАН-ын бүлэгт Тавантолгойн хэлэлцээрийн талаар ажлын хэсгийнхэн мэдээлэл сонсгож амжсан юм. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан иргэдийн эзэмшилд байгаа 1072 ширхэг хувьцааг амилуулах тухай ам нээсэн гэгдэж буй. Тиймээс ч, МАН-ын бүлэг хоёр дахь шатны шийдвэрлэх хэлэлцээр эхлэхийн өмнө захиасаа дайгаад амжсан байх юм. Ингэхдээ тус намын бүлэг  “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа бичигдсэн ч, өнөөг хүртэл үхмэл байна. Тиймээс хэлэлцээр хийхдээ эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, ашгийг нь иргэдэд хүртээх боломжоор хангахын тулд ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханд захижээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ингэж ярьж байна.


Тавантолгойн  хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн ийнхүү МАН-ын бүлэгт мэдээлэл сонсгож амжсан бол, АН-ын бүлэгт амжилгүй, хоёр дахь шатны хэлэлцээрийг эхлүүлэхээр явцгаасан. Хөрөнгө оруулагчидтай хийх хоёр дахь шатны хэлэлцээрийг эхлүүлэхийн өмнө ажлын хэсгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэд анхны хэлэлцээрээр мэдээлэл солилцож, ойлголцолд хүрсэн. Харин энэ долоо хоногт шийдвэрлэх хэлэлцээр хийгдэнэ. “Энержи ресурс”, “Шэнхуа энержи”, “Сумитомо” компаниудтай  хөрөнгө оруулалтын, концессийн зэрэг гэрээ байгуулна. Хөрөнгө оруулагчид гэрээний төслүүдээ боловсруулж ажлын хэсэгт өгсөн. Манай талын санаа зовоож буй асуудлууд эдгээр төслүүдэд туссан байна гэж үзсэн. Тиймээс хоёр дахь шатны хэлэлцээрээ эхлэх гэж байна гэж мэдэгдсэн. Хэрэв Тавантолгойн хэлэлцээр амжилттай болвол, 1072 хувьцааг амь оруулах асуудлыг УИХ-д оруулж, шийдүүлнэ гэж ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан мэдэгдсэн юм.


Нэгэн үе хууль эрхзүйн орчин бүрдээгүйгээс компанийн хувьцааг дэлхийн хөрөнгийн биржүүдэд бүртгүүлэхэд хүндрэл гарч байсан нь нууц биш. Гэхдээ  “Үнэт цаасны тухай шинэ хууль өнгөрсөн оны  эхнээс мөрдөж эхэлснээр эрхзүйн талаасаа ямар ч саадгүй болсон. Тухайлбал, хадгаламжийн бичиг гаргах замаар гадаадын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломжтойгоос гадна, дотоодын зах зээлд IPO хийх боломжтой. Хэдийгээр тийм ч,  сүүлийн үед нүүрсний зах зээл унаж байгаа нь компанийн санхүүгийн байдалд хүндрэл учруулж, 1072 ширхэг хувьцаа нэг сая төгрөгтөө дүйцэх үү гэдэг хүндрэлийг бий болгож байгаа. Ийм хүндрэл байгаа ч, ажлын хэсгийнхэн энэ хувьцааг амилуулна гээд нэгэнтээ ам гарчихлаа. Ажлын хэсгийнхэн хоёр сонгуулийн нүүр үзсэн “Эх орны хишиг-эрдэнийн хувь”-ийг хэрхэн амилуулахыг харах үлдэж байна. 

Нийтэлсэн: А.Энхтуул

Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа бий юу...   
Үзсэн: 6708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй