
Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Европын Парламентад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын Комиссын санхүүгийн арга хэрэгслийг ашиглах, Монголын хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах саналыг манай талаас тавив. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Эдгээр саналыг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хүлээн авч, хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч нар санал солилцсоны дээр Европын Комиссын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Ж.К.Юнкер уулзалтын үеэр мэдэгдлээ.
Иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь хоёр талын харилцаанд чухлыг мөн онцлов.
Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Парламентын Төв Ази, Монголын бүлгийн төлөөлөгчид бараалхаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
.jpg)
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгчтэй уулзав | ||
Үзсэн: 1882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.