
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна.
Тэрбээр 2004 онд Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Америк-Монголын найрамдлын бүлгийг байгуулж 2010 оноос Жим Макдермотын хамт АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийг хамтран тэргүүлж байна. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих бүлгийн дарга Жим Макдермотт нь Конгрессын Хүн амын орлогын аюулгүй байдлын хороо, гэр бүлийг дэмжих дэд хорооны даргаар ажилладаг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсыг ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хугацаанд байнга дэмжиж ирсэн Конгрессийн гишүүдэд гүн талархал илэрхийлээд цаашид Монгол Америкийн харилцаанд илүү шат ахина гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Конгрессын 828 дугаар тогтоолыг санаачлан батлуулсан ба Конгрессын нийт 27 гишүүн хамтран санаачилсан уг тогтоолд хоёр улсын хооронд стратеги, улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон талт болон хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх, Монгол Улсыг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг дэмжихийг уриалжээ.
АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нартай уулзлаа | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.