
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийснээс гадна баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.
Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн хийсэн мэдээлэлдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ баяртай байна. Энэхүү айлчлал нь Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас Монгол Улсад Ерөнхийлөгчийн түвшинд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Энэ төрийн айлчлалынхаа үеэр монголчуудын зочломтгой занг мэдэрч байгаадаа туйлын баяртай байна.
Энэ айлчлал нь Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Хэвлэлийн бага хурлын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой маш үр дүнтэй албан ёсны хэлэлцээ хийснийг дуулгахад таатай байна. Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ. Мөн түүнчлэн энэ айлчлалын үеэр нэг Хэлэлцээр, хоёр Санамж бичигт гарын үсэг зурсанд туйлын баяртай байна. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг, Улаанбаатар хот болон Нэйбидо хотын хооронд эгч дүүсийн харилцаа байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мьянмар Улс нь байгалийн арвин баялагтай улс юм. Энэ хүрээнд Монгол Улстай мөн үр бүтээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж чадна гэж үзэж байна. Мьянмар Улс, Монгол Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил бид дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр ярилцаж тохиролцлоо. Энэхүү завшааныг ашиглан Мьянмар Улсын ардчилал, шинэчлэлийг дэмжиж, биднийг ойлгож тусалж байдагт Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Монгол Улсад биднийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Баярлалаа” гэв.
У Тейн Сейн: Мьянмар улсын ардчилал, шинэчлэлийг дэмжиж байдаг Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье | ||
Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.