
Хүний биед хэрэгтэй С витамин, органик хүчлээр баялаг хармаг говь нутгийнхны амны цангааг тайлдаг цорын ганц жимс. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг хайсан хүмүүсийн балгаар хармаг жимс устах аюул нүүрлээд байна. Зөвхөн говьд л ургадаг энэ жимсийг иштэй нь огтлон, говийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй асуудлыг МҮОНТ-ийн сэтгүүлч орон нутагт ажиллах үеэрээ хөндлөө.
Хармаг жимс нь Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур, тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургадаг юм. Энэ жимсний бут нь өргөстэй учир иштэй нь тасдан түүж байгаагаас эргээд нөхөн сэргэх боломжгүй болж байна. Өмнөговь, Баянхонгор аймагт хармаг жимс бараг устаад дууссан. Одоо алслагдсан хол нутаг гэлтгүй Шаргын говьд ашиг хайгчид очиж энэ жимсний бутыг огтлон сүйтгэж байна.
Байгалийн жимс жимсгэнийг түүж бэлтгэхдээ тэдгээрийн нөөц, нөхөн сэргээгдэх биологийн нөхцөлийг харгалзаж байж ашиглах хэрэгтэй байдаг. Өмнөд хөрш рүү хармаг жимсний үрийг худалдах зорилгоор хэдэн арван саяар нь ченжүүд ирж худалдан авдаг байна. Ашиг олж байвал боллоо гэсэн аминч байдлаар байгаль руугаа дайраад байвал говийн ганц дархлаа болсон хармаг жимс устахад ойрхон байгааг ургамал судлаач н.Отгонбилэг анхаарууллаа.
Монгол оронд нэн ховордсон 30-аад төрлийн ургамал, зэрлэг жимс бий. Вансэмбэрүү, Алтайн сонгино, Чихэр өвс, Дэгдийг хайр найргүй түүж "Улаан ном"-д оруулсан шиг говийн хармаг ч устаж, мөхөх аюул ойрхон байна. Аймаг, сумын ганц байцаагч үүнтэй тэмцээд дийлэхгүй. Төр нэгдсэн бодлогоор энэ жимсийг болон түүнээс улбаалан говийн эко системийг хамгаалах хэрэгтэй юм.
Хармаг жимс "Улаан ном"-д бичигдэх цаг ойрхон байна | ||
Үзсэн: 6663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.