Шууд Chart

Ж.Цогт: Цаг агаарын гэнэтийн муудалт болоход бэлтгэлтэй байхыг анхааруулж байгаа

2015-10-24 18:43:44

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцо хүйтэрнэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 15 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа үйлдвэрлэдэг. Зөвхөн мал аж ахуйн салбарт гэхэд нийтдээ 300-аад мянган малчин өрх ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ салбарын иргэдэд цаг агаарын мэдээ хамгийн чхуал байдаг. Зөвхөн хөдөө аж ахжйн салбар ч гэлтгүй эрс тэс уур амьсгалтай орны хувьд төв суурийн газрын иргэд ч мөн цаг агаарын байдлаас шууд хамааралтай байдаг.

Тиймээс цаг агаарын нөхцөл байдлын талаар Ус цаг уурын орчны судалгаа мэдээллийн төвийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогттой ярилцлаа.

-Маргааш нутгийн баруун хэсгээс эхлээд цаг агаар эрс хүйтэрч эхэлнэ. Энэ хүйтрэл хэдэн хоног үргэлжлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх нутгаар өдөртөө 8-19 градус орчим дулаан байна. Энэ температуртай харьцуулах юм бол 25-наас эхлээд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр 10-15 градусаар сэрүүснэ. Тухайлбал бидний ярьдаг Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, томоохон голуудын саваар өдөртөө 3-8 градус хүйтэн, шөнөдөө 15-20 градус хүйтэн. Говийн аймгуудын нутгаар өдөртөө 1-7 градус дулаан, шөнөдөө 3-8 градус хүйтэн. Бусад нутгаар өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, шөнөдөө 7-12 градус хүйтэн байна гэсэн мэдээ гарсан байгаа. Ер нь бол бүх нутгаар тодорхой хэмжээгээр хүйтэрнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Шөнөдөө 20 градус хүйтэрнэ гэхээр иргэд ингээд өвөл болж байна гэж ойлгох байх?

-Энэ бол харьцангуй ойлголт л доо. Жишээ нь, энэ жил бол харьцангуй дулаахан байна. Түүнээс биш зарим жилийн өдийд ихэнх нутгуудаар цасан бүрхүүлтэй болчихсон, цаг хүндэрчихсэн үе ч байдаг. Энэ жил намар их удаан үргэлжилж байгаа учраас тариа ногоогоо хурааж авах, өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаах тал дээр таатай нөлөө үзүүлж байна.

-Цаг агаарыг нөхцөд байдлын хувьд манайд хаврын улиралд их шуурга салхитай байдаг. Харин одоо намар, өвлийн улиралд ч гэсэн их шуураад байдаг болсон. Энэ юутай холбоотой байдаг юм бол?

-Цаг уурчдын ярьдагаар өндрийн фронтын бүс гэж байдаг. Өвөл болохоор өндрийн фронтын бүс манай нутгаас урагшаа дайрч гардаг. Тэгээд өндрийн фронтын бүсийн ард нь гараад ирэхээр хойд талд нь хүйтэн агаар байдаг учраас тэрэн дотор ороод ирэхээр Монголын нутаг өвөлдөө хүйтэн, салхи шуурга багатай болдог. Харин хавар тэр өндрийн фронтын бүс нь хойшоо нэг гараад, урагшаа нэг орж ирхэд нь нэг хүйтэрч, нэг дулаараад тогтворгүй байж байгаад бүр хойшоо гараад ирэх үед нөгөө өндрийн фронтын дулаан хэсэгт нь ороод ирэхээ дулаардаг. Одоо намар болоод ирэхээр тэр өндрийн фронтын бүс наашилж байна. Үүнтэй холбоотойгоор дахиад салхины үе эхэлдэг. Гэхдээ хүчин чадлын хувьд хаврын салхины хүчин чадалд хүрэхгүй гэж ойлгож болно.

-Манай иргэд цаг агаарын мэдээг амьдрал ахуйдаа хэр ашигладаг юм бол. Гэнэтийн аадар бороо, мөндөр ч юм уу орохоор дараа нь хохирлын хэмжээ нь маш ихээр яригддаг?

-Одоо бол хүмүүс цаг агаарын мэдээг их хэрэглэдэг болсон. Зах зээлийн үед цаг агаарын мэдээнээс болж их хохирол амсдаг талаар ярьдаг байсан. Хөдөө орон нутаг руу явахдаа урьдчилаад хэд хоногийн цаг агаарын мэдээгээ хардаг болсон. Тэгэхээр хэрэглээ бол өсч байна гэж ойлгож байгаа.

-Хөдөө орон нутагт мал малладаг иргэдийн хувьд анхааруулж хэлэх зүйл юм байна вэ?

-Ялангуяа ийм шилжилтийн улирлын гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөөс болж хүмүүс тав тух их алддаг. Нимгэн хувцастай малынхаа хойноос явж байгаад хөлдөж осгодог. Хашаа саравч муутай бол мал нь уруудах, цаашлаад их цас ороод шуурга тавихаар зам талбай дээр хальтиргаа гулгаа үүсч хаагддаг гээд олон бэрхшээл гардаг. Ийм учраас өнөөдрөөс эхлээд цаг уурын байгууллагууд малчид, тариаланчид, ард иргэдэд бүгдэд нь анхааруулга мэдээ өгч байгаа. Ингэхдээ цаг агаарын ийм гэнэтийн муудалт болохоод бэлтгэлтэй байхыг анхааруулж байгаа.

-Манай цаг уурын урьдчилан мэдээлэх төвийн өөрийнх нь хүчин чадал хэд хоногийн урьдчилсан мэдээг хамгийн сайн нарийвчлалтай хүргэж чаддаг юм бэ?

-Нэг үеэ бодвол бас сайжирч байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахад тоон прогноз гэж олон загварууд ажилладаг болсон. Үүнтэй холбоотойгоор тав хоногийн мэдээ бол нарийвчлал сайтай байдаг болсон.

-Баярлалаа.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Цогт: Цаг агаарын гэнэтийн муудалт болоход бэлтгэлтэй байхыг анхааруулж байгаа  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-10-24 18:47
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй