Шууд Chart

Сүрьеэтэй нэг өвчтөн 10-15 хүнд халдвар тараах магадлалтай

2015-11-26 14:59:08

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо “2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг 100.000 хүн амд 150, нас баралтыг 1.5 болгож бууруулах”-аар тусгасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй 7 орны нэгт Монгол Улс багтдаг бол дотоодын судалгаагаар сүрьеэгийн тархалт нийт халдварт өвчний 3, халдварт өвчнөөр нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байна. Ийнхүү тархалт өндөртэй сүрьеэ өвчин нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал хэвээр байсаар байгаа юм. Сүрьеэ бол амьсгалын замаар тархдаг, нийгмийн халдварт өвчин. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах магадлалтай байдаг. Сүрьеэг аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж чадахаас гадна төсөв зардлыг ч хэмнэх боломжтой юм.

Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насныхан байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа аж. Мөн сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэхэд хүний нөөцийн хомсдол дутагдалтай байгаагийн зэрэгцээ ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгууд нь өвчтөний халдварын зэрэг, эмэнд тэсвэртэй хэлбэрээр нь ангилан хэвтүүлэх боломжгүй, хүүхдийн сүрьеэг эмчлэх тасаг нь сүрьеэгийн клиник дотроо холилдсон, эмч, эмнэлгийн мэргэжилтний дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгааг оролцогчид хэлж байсан юм.

 


Сүрьеэтэй нэг өвчтөн 10-15 хүнд халдвар тараах магадлалтай   
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй