Шууд Chart

Төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдэж байна

2015-12-07 18:49:37

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр дэлхий дээр 15 сая хүүхэд дутуу төрж, тэдний 1.5 сая нь хүн болж чадахгүй эндэж байна. Монгол Улсад ч байдал ялгаагүй байгаа юм. Зөвхөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэхэд жилд дунджаар 1200 хүүхэд дутуу төрдөг байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү гэдгийг эмч нар хэлж байна.

20 орчим жилийн өмнө төрөлхийн тэмбүүтэй хүүхдийг анагаахын номноос л хардаг байсан. Харин сүүлийн жилүүдэд тэмбүүгийн халдвартай жирэмсэн эхийн тоо нэмэгдэж, халдвартай хүүхдүүд олноор төрөх болжээ. Зөвхөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярай судлалын тасагт гэхэд жилд 100 гаруй халдвар авсан хүүхэд ирдэг байна.

Тэмбүү бол эхсээр дамжин эхээс урагт халдварладаг бэлгийн замын халдварт өвчин. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд урагт дамжих магадлал 64 хувь байдаг бол 4-6 сартай ургийн халдвар авах эрсдэл 10-25 хувь байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 12 мянган эх амарждагаас 2015 оны эхний есдүгээр сарын байдлаар тэмбүүгийн халдвар авсан 372 эх үйлчлүүлжээ.

Тэмбүү 100 хувь эмчлэгддэг өвчин. Жирэмсэн эхчүүдийн хувьд эрт оношлогдож, эмчлэх тусам хүүхдэд халдварлах эрсдэл буурдаг. Ээж нь жирэмсний хугацаандаа эмчлүүлчихвэл төрсний дараа хүүхэд амьдрах чадвартай, эрүүл байх хувь нэмэгддэг байна.

Халдвар авсан хүүхэд, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Өвчтэй эсэхээ жирэмсний эрт хугацаандаа тогтоолгосон эх эмчилгээ хийлгэж, төрөхөөсөө өмнө асуудлаа шийдвэл халдвар авсан хүүхэд л төрнө. Энэ бол төрөлхийн тэмбүүнээс өөр ойлголт. Харин хугацаа хожимдсон хүүхдүүдийн хувьд хувь заяа нь эмгэнэлтэйгээр төгсдөг байна.

Жирэмсний эхний хяналтаараа эрүүл байсан эхчүүд, төрөхийн өмнөх хяналтаараа бэлгийн замын халдвар, тэр дундаа тэмбүүгээр халдварласан тохиолдол олон байдаг. Энэ бол гэр бүлдээ үнэнч биш, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаагүйтэй холбоотой. Эцэг, эх таны буруутай үйлдлээс болж хорвоод мэндэлж амжаагүй бяцхан үрсийн эрх зөрчигдсөөр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдэж байна  
Үзсэн: 3083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2015-12-08 08:38
mongol uls ymar zawaan ym be

Бидэнтэй нэгдээрэй