
Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын нэг үндэс. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.
Гэхдээ цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Ингэж хүчтэй, олон гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа хүн тэр бүр мэддэггүй. Гэтэл эдгээр хамгийн “нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг. Эдгээр бодис нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм.
Жишээ нь, бидний хэрэгцээнд дээгүүр байр суурь эзэлдэг хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг. Улмаар өдөр болгон хлортой усаар усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Ийм ч болохоор Европын холбооны улсуудад хлор агуулсан ихэнх нэгдлийг ахуйн зориулалтаар ашиглахыг 1987-оос хориглосон байдаг.
Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл өндөр. Үүнийг олон ч гэрийн эзэгтэй мэдэрсэн. Үүнээс гадна фосфатууд нь нуур, цөөрөмд орвол замаг, усны ургамлын тэжээл болж, хэт ихээр ургах нөхцөлийг бүрдүүлж, улмаар усны бусад амьд биетүүдийг үхэлд хүргэдэг. Тиймээс орчин үед хариуцлагатай үйлдвэрлэгчид нь ахуйн химийн хэрэгсэлд фосфат хийхээс татгалзах болсон. Фосфатуудыг цеолит ба поликарбоксилатуудаар орлуулдаг.
Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяга таваг угаагч бодисуудад агуулагддаг. Гадарга идэвхтэй бодисууд нь эд зүйлсийг хир буртгаас цэвэрлэдэг бөгөөд дотроо анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөл байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодисууд юм. Учир нь ийм гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэх аюултай. Тиймээс ийм сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодис /surfactant/ -ын агуулга нь 5 хувиас ихгүй угаагч шингэнийг ашиглах нь хамгийн зохистой.
Натрийн гипохлорид нь (sodium hypochlorite) нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болохоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг. Харин хлор ямар сөрөг нөлөөтэйг дээр өгүүлсэн.
Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад агуулагддаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох, толгой өвдүүлэх аюултай.
Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.
Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм.
Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг бодис бөгөөд маш идэмхий, агуулга нь өндөр бол гүйлгүүлэх, толгой эргэх, элэг ба бөөрний үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй.
Эдгээр бодисуудыг онцгой анхаарахаас гадна авч байгаа аяга таваг угаагч, угаалгын нунтаг, өнгөлөгч, ариутгагч, цайруулагч, цэвэрлэгч зэрэг ахуйн химийн бодисны сав, баглаан дээрх дараах тэмдэглэгээг анзаарч байх хэрэгтэй.
Цочроогч бодис
Цэвэрлэгч, угаагч бодис бүхий сав баглаан дээр олонтаа харж болно. Нүд, арьсанд хүрсэн үед цочроон загатнаа үүсгэх, үрэвсүүлэх аюултай. Тиймээс гартаа бээлий өмсөн ашиглана. Ашиглаж байх үедээ өрөө, тасалгааны цонхыг нээн сайтар агааржуулахгүй бол ууршил нь ханиалга өдөөх, амьсгалын дээд замыг үрэвсүүлж болзошгүй.
Хортой бодис
Будаг шингэлэгч /манайхан “расворитль” гэж хэлээд байдаг/, лак, будагны саван дээр байдаг. Хүнд хортой бодис агуулагдсан бүтээгдэхүүн гэдгийг анхааруулж байдаг.
Идэмхий бодис
Хоолойн бөглөө гаргагч бодис бүхий саван дээр заавал ийм тэмдэг байх ёстой. Тухайн бодис найрлагадаа шүлт, эсвэл хүчлийг өндөр тунгаар агуулсан гэдгийг зааж байдаг. Тиймээс арьсанд хүрвэл маш хүчтэй түлдэг. Ийм бүтээгдэхүүнтэй ажиллахдаа хамгаалтын бээлий заавал өмсөх ёстой.
Байгаль орчинд аюултай
Амьтан, ургамалд аюул учруулж болзошгүй бодис агуулж байгааг заасан тэмдэг. Тэгэхээр сав баглааг нь хамаагүй хаяхгүй, хүүхэд, амьтан хүрэхээргүй газар хадгалах ёстой.
Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал,
•Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Хөргөгч, хивс зэргийг цэвэрлэх, ариутгахад хэрэглэхэд хэрэглэж болно.
•Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг.
•00-ийн өрөөнд гол төлөв хэрэглэдэг үнэр оруулагчдыг аль болох ашиглахгүй байсан нь дээр.
•Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг нэг литр усанд хийчихсэн байхад л шил, толь, “плита” цэвэрлэх маш сайн уусмал болдог.
Үнэр дарагчийг хэрэглэхгүй байсан нь дээр | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.