Шууд Chart

Сүүн сар

2016-02-04 16:39:46

Учир мэдэх ахыг Цагаан сараар заавал нэг зорих. Учирлан золгох бүрт  тэр “хүү, цагаан”-д нь эхлээд хүр гэх. Их л ухааруулж мэдэх энэ эгэл эрхэм “цагаан”-ыг яагаад ингэж эрхэмлэв ээ. 

Сар гэдэг он тооллын хэмжүүр багц өдөр тул түүнд өнгө үгүй. Харин тухайн сарыг тухайн мөчид болдог байгаль, нийгмийн онцгой үзэгдлээр нэрлэж ирсэн уламжлал түүхэнд их байх. Ийм л жаягаар олон соёлд ногоон өнгөөр илэрхийлдэг хаврыг нүүдэлчид л харин цагаан өнгөөр билэгшээв үү дээ.

Хавар. Хахир өвлийг өлсөж, зутарч давдаг нүүдэлчдийн хувьд бол сүүн сар. Энэ сар цагаан идээтэй эргэн золгох баярт мөч. Хаврын эхний өдөр ирнэ ээ гэдэг тэдний хувьд сүү, цагаан идээтэй удахгүй золгоно оо гэсэн үг.  Ийм ч учраас тэд энэ өдөр сүүг хүсэн, энэ хүслээ түүний өнгөөр илэрхийлж баярлаж, сүүн өнгө-цагаан өнгийг өөрийн үйл, үг бүхэнд шингээж баясна. Ахуйгаа ч, үгээ ч, сэтгэлээ ч цагаан байлгахыг энэ өдөр ихэд хичээнэ ээ, тэд.

Идээ, зоог нь эгэл, жирийн, цагаан, сүүн. Үг нь сүүн өнгийг билэгдсэн ерөөл, магтаал. Үйл нь цайлган цагааныг дээдэлсэн хайрлал, хүндэтгэл, уучлал.

Энэ өдөр нүүдэлчид өтгөс, хөгшиддөө хайр, халамжийг хүргэж, хүндэтгэлийг үзүүлж золгоно. Хүүхэд нялхасдаа хайр, энхрийллийг мэдрүүлж баярлуулна. Анд нөхдөө хайрлаж, уучилж, ухааруулж баясгана. Үнэнч туслагч мал сүргээ хайрлаж, гамнана. Энэ өдөр тэд эх болсон байгаль дэлхийдээ хүндэтгэлийг үзүүлж, залбирч баясна.

Цагаан сарын баяр эрт цагт ийм л сүүн. Сүүн учраас тэр хайрын, хүндэтгэлийн, сэтгэлийн, эгэл, жирийн, цагаан. Эрт цагийн сүүн сарыг энэ цагийн өнгөөр хэлбэл их ногоон.

 Цагаан сарын баяраар учир мэдэх ахыг заавал нэг зорих. Учирлаж очих бүрт тэр  “цагаан”-д нь эхлээд хүр гэх.  Ихээ учирлаж мэдэх эрхэм эгэлийн энэ үгэнд энгүй ухаан их шингээстэй. 

Нийтэлсэн: Ц.Лувсандорж

Сүүн сар  
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-02-04 16:43
Монголын Үндэсний телевизийнхэээн. Та бүхэн айл бүрт хүрч бгаа нэвтрүүлэгийнхээ дууны шуумыг тохируулах арга бна уу. ТВ-ийн хөтлөгч ярихаар ТВ-ийн дуугаа багасгадаг. Цаад нэвтрүүлгийн сурвалжлагч ярихаар ТВ-ийн дуугаа чангалдаг болоод Бид бүхэн чинь удаж бна да. Ийм ядарсан СЭТГЭГДЭЛ оруулж бгаа даа Түмний өмнөөс уучлалт хүсч бна. Та нар биднээс татвараа авах болохоор уйлан хайлан сүлжээгээ ашиглаж бгаад авчихдгыг бодолцох болсон баймаар юм даа хө.

Бидэнтэй нэгдээрэй