Шууд Chart

МҮОНТ-ийн зураглаач агсан Тогмидын Оюунбүрэнгийн дурсгалд

2016-02-15 12:24:32

Т.Оюунбүрэнтэйгээ хамгийн сүүлийн удаа байгууллагынхаа шинэ жил дээр уулзсан сан. Ханбогдоос ирэхэд найз маань бурханы оронд явчихаж. Ганц охин үрээ, муу ээжийгээ нулимстай нь хутгаад тэнгэрийн орон руу бүрмөсөн одчихлоо. Их холын замд, олон удаа томилолтоор хамт явж, уран бүтээлчийн  жаргал, зовлонгоо хуваалцаж явсан нөхрийнхөө тухай би бичих ёстой хүний нэг. Сэтгэлээсээ шивших маанийн шившлэг энэ болох болтугай.  

... Т.Оюунбүрэн маань Увс аймгийн Хяргас сумын хүүхэд. Эцэг нь цэргийн, эх нь эмнэлгийн мэргэжилтэй. Тийм ч болохоор Т.Оюунбүрэнг наймдугаар анги төгсөх жил нь Анагаахын дунд сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлийг сонгуулав. Баруунтуруунд бага насаа үлдээгээд их нүүдлийн цай уусаар тэр нийслэлд  хөл тавьсан гэдэг. Хөдөөнөөс орж ирсэн надад “Улаанбаатар гэдэг чинь яг л үлгэрийн юм шиг санагдаж байж билээ. Манай нүүдэл нэгэн өндөр гэрлэн цамхагийг зүглэсээр, телевизийн гэр хороололд бууриа зассан тэр үеэс л бяцхан зүрх минь телевиз рүү тэмүүлсэн” гэж тэр хуучилдаг. Хуваарь авсан сургуульдаа ч тэр очсонгүй. Геологийн нэг байгууллагад төмөр хөрөөддөг ажилд орсон ч өглөө бүхэн замд тааралдах цэнхэр дэлгэцийн ах, эгч нар сэтгэлд нь дэндүү дулаахан. Гуйсаар яваад телевизийн уурын зууханд галчаар оров. Удаа ч үгүй телевизийн мужаан цехэд Төрмөнх, Лувсан хоёрын дагалдан мужаан болов.  
Аз гийсэн тэр нэгэн өдрийг Т.Оюунбүрэн үргэлж сэтгэлдээ дурсаж явах. Инженер техникийн хэлтсийн дарга Цэдэвсүрэн нэг өдөр дуудаад эвдэрч хэмхэрсэн баахан ширээ, сандлыг маргаашийн дотор эвлүүлж бүтэн болго гэсэн шаггүй даалгавар өгөв. Хичээнгүй, дээр нь гарын дүйтэй тэрээр өглөө нь бүгдийг бүтэн болгосон байлаа. Итгэл даасан түүнд Техникийн дунд сургуульд суралцах эрх амархан олдов. Радио, телевизийн сор болсон инженер Дагий, Цагаан,  Цэнд, Цэдэвсүрэн, Ганхүү, Ганбаатар инженерүүд тархины маань эд, эсийг цэнэглэж, “эрэг шургийг“ маань чангалсан гэж Бүрэн маань ярьдагсан. Дараа нь “ТЖК”-ийн группт туршлагатай техникч Дондовравдан, инженер Жаргалсайхан нарын гар дээр ирсэн нь хэн бүхэнд олдох хувь тавилан байсангүй. Сэтгүүлч Алтай, Амбасэлмаа, Оюут, Энхбат, Ихбаяр, найруулагч Бадрах, Машмаа, Аля гээд телевизийн шилдэг уран бүтээлчдийн багт зургаан жил техникчээр ажиллаж тэр овоо юм сурсан гэдэг. Түүнд нэг зүтгээ , махруу чанар бий. “Бэрс” дээд сургуульд суралцан алдарт найруулагч Туваанжав, УГЗ оператор Цэрэн, жүжигчин Карма нараас номын дуу сонсож, операторын мэргэжил эзэмшив. Одоо Т.Оюунбүрэн маань зүй ёсоор шилдэг операторын тоонд багтана. Нэрт сэтгүүлч Амбасэлмаа, найруулагч Аля хоёрын хөдөө орон нутгаас бэлтгэсэн олон сайхан нэвтрүүлгийн зургийг тэр авсан. “Ерөнхий сайдууд ярьж байна“ цуврал, сэтгүүлч Ганбатын “Түүхийн хоймор“ цуврал нэвтрүүлэг гээд түүний жин дарахуйц олон сайхан  бүтээл бий. Сэтгүүлч агсан Н.Ганбат, оператор Д.Баярбилэг, М.Наранбаатар, Дагвадорж нарынхаа тухай санаашран ярьж, санаснаа хийж амжилгүй хорвоогоос буцсаных нь төлөө  мөн ч их харуусдаг байж. Бас тэр  “телевизийн жинхэнэ оператор” болж байж эрдэмтэн, инженер багш нарынхаа ачийг хариулна гэж ярина... Түүний ийм нэг гэгээхэн  ярилцлага  дэвтэрт маань үлдэж. Тийм ээ, Т.Оюунбүрэн маань өнгө мөнгөөр уран бүтээлийг дэнсэлдэггүй, үнэн сэтгэлийн дуудлагатай уран бүтээлч байсан юм.  Хайртай хүүгээ алдчихаад, хар үүрээр муу охиноо сэрээж, ээж дээрээ үлдээчихээд хаа холын Хөвсгөл рүү  явж л байсан. Ажил мэргэжилдээ дэндүү үнэнч байсан даа, муу найз минь. Бие нь муу байхдаа ч телевизээ ярьж, биднийг утсаар  ярих бүрийд уршигт өвчнөө мартдаг байсан юм билээ.  Зуурдаар нас барсан хүүгийнхээ хойноос “дотуур автаж“ байсан ч үлдсэн ганц охин, өндөр настай ээж хоёр нь түүний сэтгэлийн зул нь байсан юм. Орхиод явчихлаа. Хатуу юм аа, энэ хорвоо... Гэхдээ хатууг зөөллөсөн олон сайхан бүтээл чинь чамайг мөнхөлнө өө... 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

МҮОНТ-ийн зураглаач агсан Тогмидын Оюунбүрэнгийн дурсгалд   
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-02-17 12:40
nagii Оюунбүрэн маань их даруухан сэтгэл сайтай залуу байсан нь харцнаас нь андашгүй.Радио,Телевизийн том байранд хаа нэг таарна.Камераа мөрөлчихсөн цаг нартай уралдан гүйхээрээ ч явж таарна.Хаа ч явсан мэнд устай явна.Би радиогийн хүн болохоор ажил төрлийн талаар нэг их холбоогүй.Гэсэн ч хийсэн бүтээлийг нь хараад зураглаачийн чадвартай,ажил мэргэжилдээ үнэнч байсныг нь мэдэрдэг байлаа.Эх орныхоо байгалийн гоо сайхныг оюун бодолдоо тунгааж улмаар камертаа буулгаж,газар шороо нутаг орноо гэсэн үзэгч олныхоо сэтгэлийн цангааг тайлж байсныг нь мартахын аргагүй ээ.Сайхан дүү минь,даанч залуухнаараа биднээсээ үүрд холдсонд харамсаад ч баршгүй. Өр зөөлөн,сэтгүүлч Алтайдаа баярлаж сууна.Бид л нэгнээ гэхгүй юм бол өөр хэн ч биднийг гэх билээ дээ.Радио,Телевизийнхэндээ талийгаачийнхаа ард үлдсэн ачит ээж, энэрэлт ганц охиныг нь ээлжлэн тасралтгүй харж хандаж байхыг хүсье.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-02-16 09:34
Altantsetseg tanid bayrlalaa hamt ajillaj bsan egel daruu ene huniig dursana gdeg tanii hun chanar hunleg setgel mun uran buteelch hun iiml bh ystoi gants setgegdel tnaihan bchsengui ene saitaa unshdaggui ymii esvel iim sonin hamtbolonuuu

Бидэнтэй нэгдээрэй