Шууд Chart

МҮОНТ-ийн ахмад зураглаач Содномын Цолмонгийн гэгээн дурсгалд

2016-03-17 12:43:32

Монголд телевизийн урлаг үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулж “Сэтгэл зүрхний бичлэг” номыг миний бие бичиж МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатар ивээн тэтгэж хэвлүүлсэн юм. Телевизийн урлагийн хүнд хүчир, цаг наргүй хөдөлмөрлөсөн ахмадуудын тухай, залуу уран бүтээлчдийн тухай ер нь тамга барьсан даргаас шүүр барьсан цэвэрлэгч хүртэл бичиж, чин сэтгэлээсээ ярилцсан байна. Харамсалтай. Эх модноосоо тасран унах намрын навчис адил сайхан нөхдийн минь чин сэтгэлээсээ ярьж  байсан хуудсууд тасраад явчих юм даа. Буцааж, хазаарлаж болдоггүй нартын жамыг яалтай нь билээ. Энэ ярилцлагыг өгөхдөө Цоомоо ах маань нэг их баярлаж билээ.

Буцах эрхгүй алба

... 1996 оны зуны намуухан орой бид Улаанбаатараас Өвөрхангайг чиглэн хөдөллөө. Дундговь , Өвөрхангай аймгаас бэлтгэх “Аяны богц” нэвтрүүлгийн найруулагч нь Д.Содном, зураглаач нь Цоомоо, техникч нь Энхбаатар, сурвалжлагчаар нь намайг томилсон байлаа. Эндээс гарахын л зураглаачийн маань камер барьдаг талын гарын шуу битүү хавдсаныг хашир найруулагч маань хараад “Ээ дээ, эмчид үзүүлсэн нь дээр” гэсэн боловч Найман нуурын үзэсгэлэнт байгалийг зураглах гэсэн хүсэлдээ “донтоод” гайгүй , гайгүй гэж хэлээд замд гарсан юм. Тэнд гурав хоног зураг авахад зураглаачийн маань гар битүү хавдан, халуурч эхэллээ. Буруу харсан толгойтой хатиг гэдэг ямар ч аавын хүүгийн тэвчээрийг барахаар байсан ч зуны аагим халуун, янтай өвдөлтийг шүд зуун зураг авсныг бодох бүрийд С.Цолмон зураглаачаа хүндлэх сэтгэл төрдөг юм. Өвөрхангайн эмнэлэгт хагалуулж, шарх руугаа спирттэй хөвөн чихүүлж аваад цаашаа Дундговьд зургаа авч, нэвтрүүлгээ дуусгаж билээ. Орлуулж болдоггүй, буцах эрхгүй алба бол зураглаачийн алба юм билээ. 30 гаруй жил телевизийн ажилд зүтгэсэн Радио, телевизийн тэргүүний ажилтан, ахмад зураглаач Содномын Цолмон ярихдаа тун маруухан нэгэн.

-Таныг аавтайгаа дэндүү адилхан гэлцдэг. Циркийн “Алиа Содном” гэж алдаршсан ааваас тань яриагаа эхлэх үү?

-Гадна төрхөөрөө би аавтайгаа их адилхан. Харин алиалах, хошигнох урлагийн их авьяасын хувьд өвлөж төрсөнгүй. Аав маань Төв аймгийн хүн. Завханы клубт найруулагчаар ажиллаж байхдаа ээжтэй минь танилцаж гэр бүл болсон юм билээ. Ээж маань Алдархаан сумын хүн. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураг авалтад нь явж, тал нь энэ, нөгөө тал нь энэ” гээд үзүүлдэг еэвэнгээс нь хишиг хүртэж л явлаа. Их шүүмжлүүлсэн кино. Түдэв гуай ухаантай хүн болохоор “Зохиогч нь ард түмэн, бичигч нь би” гэсээр байж энэ зэрэгтэй авч үлдсэн гэдэг. Хэзээ ч хоцрогдохгүй, хэзээ ч хуучрахгүй сайхан кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн ааваараа бахархаж явдаг .

-Таны бага нас тайз, дэлгэцийн амьдралд их ойрхон байж дээ?

-Явуухулан, Лхамсүрэн, Цэдэндорж, Сүрэнжав гуай гээд том, том зохиолчид байнга манайхаар ирж, ганц нэг лонх юм суллан, уран бүтээл ярьж суудагсан. “Хэтэрхий авьяастан”, “Согтуу тэмээ”, “Чөлөөт бөх” зэрэг инээдмийн жүжгийг дөрөвдүгээр сарын 1-нд тавихад аав, Данзан ах хоёр биечлэн оролцож, “Учиртай гурван толгой” дуурийн  Хоролмаад аав, Данзан гуай Балганд дуулахад үзэгчид ихэд баясаж байж байлаа .

-Дөрөвхөн настай байхдаа та телевизийн босгыг давсан гэл үү?

-Монголд шинэ урлаг бий болоод удаагүй, ёстой л оюунтай, ухаантай, өнгөтэй, зүстэй бүхэн нь сонирхож цуглаж байсан үе. Оператор Машбат, Элбэгдорж, сэтгүүлч Чулуунбаатар, Ц.Сүхбаатар, найруулагч Бямбадорж нарын адил гэрэлтүүлэгчийн ажлаас амьдрал маань эхэлсэн. Агваанренчин, Тунгалаг, Туяа гэсэн операторуудын гэрлийг өдөржин зөөсөөр орой суганы булчирхай хөндүүр болсон байдагсан . Жүжиг, уран зохиолын найруулагч П.Туваанжав , Л. Шийтэр, Д.Содном, Долгор нарын туслахаар ажиллаж биеэ хөнгөртөл шогшино шүү дээ. Тэр он жилүүд телевизийн жүжгийн оргил үе нь байж дээ.

Нэг удаа Содном найруулагч, Лхагважав оператор биднийг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд илгээлтээр гарсан залуусын тухай баримтат кино хийхээр томилов. Хонь хариулж явсан охины зургийг гэрт нь авах учир намайг түүний оронд хоньчноор үлдээв. Гэтэл хамаг хонь нь уулаар нэг тарж орхив. Цуглуулах гэсэн чинь унасан тэмээ нь нэг дороо зогсчихоод хөдөлж өгдөггүй, бас бууж чаддаггүй, хүчтэйхэн ороолготол гэнэт бударгана дээгүүр харайлгаад намайг шидэж орхив. Таньж мэдэхгүй газар, үеийн олон залуусын дунд намайг шившиг болголоо гээд Содном найруулагчдаа уйлж байж билээ.

-Зураглаачийн дурангийн ард хэзээ зогссон бэ?

-Завхан аймгийн 50 жилийн ойгоор сэтгүүлч Дожоодорж, найруулагч Чойжамц, оператор Агваанренчин, техникч Алтангэрэл нарын хамт Завханд очсон юм. Улиастайн зээлийн эхэнд хар, цагаан видео камераа суурилуулчихсан, хүмүүсийг нааш, цааш нь явуулаад л, уул нь шалихгүй л дээ, ердөө л обший план тавьчихсан ч би өөртөө бол үнэн догь амьтан зогсож байлаа. Тэгэхэд ээжийн садангийн олон хүн намайг бахархсан нүдээр хараад л, тэр үе дэндүү сайхан байж.

-Сайхан ажлынхаа буянаар олон газар явсан биз?

-Пунсаа редактортайгаа ОХУ, Америк явсан. Найруулагч Пүрэвсүрэн, Пунсаа хоёртой гар нийлэн ажиллаж, “Агшин” нэвтрүүлгийн олон дугаарыг үзэгч олондоо хүргэж дээ.  1981 оноос хойш Улсын баяр наадмыг тасралтгүй дамжуулжээ. Яривал зөндөө, зөндөө .

-Зураглаач гэдэг ажлыг та тодорхойлж хэлээч?

 -Эр зориг, авьяас билэг, ёс зүйн том цогц юм даа.  

Тэр ээждээ дэндүү хайртай гэнэ. Сая хүртэл хоол хийлгэж идчихээд ирж. 80 гарсан тэр буурлын хайр хэзээ ч элэгддэггүй, бас хуучирдаггүй гэж Цолмон ярьсан. Тэр ээжтэйгээ хамт “өтөлсөн” нэгэн. Бурууг хийвэл одоо ороолгуулна. “Алиа” Содном гэдэг тэр хүнийг  Монголын урлагийн ертөнцөд зүтгэхэд арыг нь дааж, зургаан хүүхдийг нь “Хүн” болгосон  буурал ээждээ хүү нь хайртай.  

Цоомоотойгоо ийм нэг ярилцлага хийсэн байх юм. Хувь хүний түүх гэдэг нийгмийн түүх гэдэгчлэн Телевизийн урлагийг дөнгөж соёолж байхад нь орсон энэ хүний түүх телевизийн түүх байж дээ... Ярилцаж байсан тэр мөч сэтгэлд минь зураг шиг тод байна. Ум сайн амгалан болтугай.

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

МҮОНТ-ийн ахмад зураглаач Содномын Цолмонгийн гэгээн дурсгалд  
Үзсэн: 4465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2016-03-18 17:55
Oyutnii and, sain naiz min ene delhiidee taivan noirsooroi
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2016-03-18 09:38
Муу Алтаа минь л бусдыгаа сайн сайхнаар дурсах юмдаа бусад нь ядаж бичсэн юмыг нь уншдаг боловуу уран бүтээлчид урмаар амьдардаг хорвоо шүү Цоомоо ах маань хэнэггүй хээгүй эр хүн явсан юмсан ам амгалан болох болтугай
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2016-03-18 09:38
Муу Алтаа минь л бусдыгаа сайн сайхнаар дурсах юмдаа бусад нь ядаж бичсэн юмыг нь уншдаг боловуу уран бүтээлчид урмаар амьдардаг хорвоо шүү Цоомоо ах маань хэнэггүй хээгүй эр хүн явсан юмсан ам амгалан болох болтугай

Бидэнтэй нэгдээрэй