Шууд Chart

Иерусалим хотод хөгжмийн зэмсэгт зориулсан музей нээгдлээ

2016-04-16 13:20:35

Өнгөрсөн Пүрэв гарагт Израилийн нийслэл Иерусалим хотод хөгжмийн зэмсэгт зориулсан музей нээгдлээ. Энэ музейд бүх цаг үеийн, янз бүрийн үндэстний хөгжмийн зэмсэг тавигдсан гэдгээрээ онцлог юм. Тус музейн эрхлэгч Элдад Леви нээлтийн ёслолын үеэр сэтгүүлчдэд хандан ярихдаа хөгжмийг хүн төрөлхтний бурханд хүрэх шат гишгүүр гэж тодорхойлоод, урлагаар хүн өөрийн дотоод мөн чанараа нээж, өөрөөсөө бурханы дуу хоолойг сонсоход тусалдаг гэж үздгээ илэрхийлсэн байна.

Түүнээс гадна даяарчлагдаж байгаа орчин үеийн дэлхий ертөнцөд залуучууд бүгд нэг хэвийн дуу сонсох болсонтой тэмцэж, язгуур урлагийн гоо сайхныг хойч үедээ таниулан мэдүүлэх зорилго энэхүү музейг нээх нэг гол шалтгаан болжээ. Одоогийн байдлаар “Хөгжмийн зэмсгийн” гэх тодотголоороо онцгойрч байгаа энэ музейд бүс нутгаар нь ангилсан 7 танхимд, 260 гаруй хөгжмийн зэмсэг үзмэрээр тавигдсан байна. Эдгээр үзмэрийн олонх нь Ойрхи Дорнод, Балканы хойг, Европын улс орнуудын хөгжмийн зэмсэг байгаа ч, Азийн орнуудын зарим нэг хөгжим мөн бий гэнэ.

Музейн удирдлага дэлхийн улс орнуудын соёлын байгуулагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд өөрсдийн үндэсний хөгжмөө авчирч өгсөн тохиолдолд музейдээ дуртайяа байрлуулах болно гэдгээ илэрхийлжээ. Манай орон ч үндэсний түүх соёлын маань нэг хэсэг болсон олон хөгжмийн зэмсэг, тэр дундаа морин хуурыг энэхүү музейд бэлэглэж, олон улсад сурталчлан таниулах юм. Музейн бас нэгэн шинэлэг тал нь тусгай чихэвчээр сонирхсон хөгжмөө яаж дуугардагийг нь сонсох боломжтой. Мөн таалагдсан тохиолдолд тус хөгжмийн зэмсгээр тоглосон ая, бичлэгийг худалдан авах ч боломж байгаа ажээ.

О.Хатанбаатар


Иерусалим хотод хөгжмийн зэмсэгт зориулсан музей нээгдлээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй