Шууд Chart

“Заалны мангас”-ын "түгжээ" дөрөв дэх дээрээ мултарч, Архангайчууд тав дахь аваргаа тослоо

2016-07-18 13:11:54

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам нартай, хуртай, наргиантай, уухайтай сайхан болж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдааны хувьд Ч.Санжаадамба түрүүлсэн. Түүнийг бөх сонирхогчид “Улсын заан цолоо дөрөв дэх удаагаа баталлаа. Ёстой л арслан цолны эрэмбэтэй хүчтэн юм” хэмээн үнэлж байсан бол багш нар нь “Аварга цол хүртэх чансаа бий” гэж ярьж байсан. Тэрхүү амны билгээр тэрбээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн боллоо. Тэрбээр улсын баяр наадамд 15 жил зодоглож байж, дээрх цолонд хүрч байна. Ийнхүү Монгол Улсын 22, арын сайхан Архангай аймгаас төрсөн тав дахь аварга болов.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос цол, тэмдгээ гардаж байх үед үзэгчид “Ёстой л хүртэх ёстой цолоо гардлаа. Цолондоо багтсан бяр, барилдаан, чансаа түүнд бий” хэмээн шагшилдаж байсан. Учир нь тэрбээр “Заалны мангас” хэмээх нэр зүүтлээ заалны барилдаанд ихэвчлэн түрүүлдэг байсан болохоор тэр. Мөн Монгол бөх Геннисийн номд бүртгүүлэх болсны 6002 бөхийн барилдаанд ч түрүүлж, аварга цолны эрэмбэтэй гэдгээ харуулж байв.  

БНХАУ-ын ӨМӨЗО-д болдог өндөр бооцоотой олон барилдаанд мөн л шалгарч, “Аварга Санжаа” нэр хүртээд байсан. Түүний барилдаанаас тус улсын бөхчүүд суралцахыг ч хүсдэг гэсэн. Тэгэхээр тэр яах арга үгүй аварга цолтой болохоор төрсөн хүн юм. Цаашид ч олон түрүү бий гэдэгт итгэж байна.

Ч.Санжаадамба гурван ч удаа улсын заан цолоо баталж, гарьд цолны босгон дээр бүдэрч байсан. Тиймээс энэ жил түүнийг дээрх алдаагаа дахин давтах болов уу гэж харж суухад олон жил түгжигдээд байсан түгжээгээ мулталж, найм давахад нь үзэгчид “Гэтлээгүй даваагаа өнөөдөр гэтэллээ дээ. Цаашид яах бол” гээд харж суусан. Тэр олон жил түгжигдсэн түгжээгээ ёстой л мулталсан шиг мулталж, аварга цолны босго алхлаа.

Р.Пүрэвдагва наадмын тааврыг орвонгоор нь эвдсэн

Р.Пүрэвдагва үзүүрлэж, энэ жилийн наадмын хүчит бөхийн тааврыг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно. Түүнийг муу бөх гэж хэлж байгаа юм биш ч магадлалтай хэмээн нэрлэгдэж байсан бөхчүүд долоогийн даваанаас үзэгчдийн суудал руу шилжсэн болохоор түүнд асар их боломж гарч ирсэн. Тэгээд ч түрүү, үзүүрт үлдэх бөхийн “од” гийвэл хэцүү дээ гэж амхад бөхчүүд ярьдаг нь улам бүр нотлогдох шиг болов. Тэрбээр түрүүлэх хэмжээнд яригдаж байсан улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарыг цувуулан өвдөг шороодуулснаар үнэхээр бахдам амжилтыг үзүүлсэн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат гуай залуудаа “Бяр, ухаан чинь хүрвэл намайг дав” хэмээн аархаж байсныг санагдуулав.

Гэхдээ ирэх жил хүртэл магадгүй яригдах барилдаан бол П.Бүрэнтөгстэй хийсэн наймын даваа байлаа. Хөлийн цэц, гарын даа нар П.Бүрэнтөгсийн зүүн хөл, Р.Пүрэвдагвын баруун гарны тохой хоёрын аль нь түрүүлж газарт хүрснийг бичлэгээс хараад ч шийдэж чадахгүй байсан болохоор хайнцсан гэж үзэн, дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэтэл П.Бүрэнтөгс “Би давсан” хэмээн дахиж барилдахгүйн тулд үзэгчдийг нэлээн хугацаанд хүлээлгэсэн. Тэр үед Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх зурагчдын аппратыг барьж, “Энэ зураган дээр Р.Пүрэвдагвын тохой газарт түрүүлж хүрсэн байна” хэмээн хөлийн цэцдэд үзүүлж гүйгээд цаг улам хороов. Тэр үед үзэгчид “Пүрэвдагва, Пүрэвдагва” хэмээн хоолой мэдэн хашгарч, нар зөв 10-аад удаа тойрон уухайлж байж нэг юм намжсан. Тэр үед цагдаа нар сандралдаж, хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдалд хүртэл орсныг нуух юун. Арга ядсан хотын дарга Су.Батболд хөлийн цэцийн үүргийг хүртэл бараг гүйцэтгэх шиг болж, хурдан барилдуулахын тулд дэргэд нь оччихсон явна билээ. 

Ямартаа ч Р.Пүрэвдагва дахин барилдахад давсан. Харин Тахимаа авахаар очиход нь П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагвын толгой руу тохойлдсоныг үзэгчид анзаарсан болов уу. Дараа нь уйлж, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлд сугадуулан цааш явсан.

Спорт гэдэг асар их өрсөлдөөний талбар. Гэхдээ зөв хор шартай байх хэрэгтэй гэж олон хүн хэлдэг. Гэтэл П.Бүрэнтөгсийг тийнхүү авирлаж, дараа нь зүлгэн дээр элгээрээ хэвтэж уйлж байхыг харсан хүмүүс “Түрүүлж үзээгүй биш. Тэгээд ч төрийн наадмыг нулимсаараа угаалаа. Монгол бөхийн ёс жудаг хаана байна” хэмээн бөх сонирхогчид халаглах нь олонтаа байсныг дурдъя.

Түүх сөхөхөд 1969 оны улсын баяр наадамд удаан барилдсан шалтгаанаар Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг барилдаанаас хасч, улсын арслан Г.Дэмүүл түрүүлж байсан удаатай. Тэгэхээр П.Бүрэнтөгсийг “Хөлийн цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй удсан” гэдэг шалтгаанаар хасчихаж мэдэхээр нөхцөл байдал үүсч байсан ч наадамчин олноо гонсойлголгүй хоёр бөхийг барилдуулж, хайна хагалсан. 

Гэх мэт ярих юмтай, шогших сонинтай сайхан наадам болж өндөрлөсөн. Ерөнхийлөгч маань анх удаа долдугаар сарын 13-нд зарлиг уншиж, баяр наадмын хаалт ёслол төгөлдөр болсон. 

Улсын аварга С.Мөнхбат Г.Эрхэмбаяр аваргыг амласан нь нэг л учиртай

Цолны эрэмбээр хэн хэнийгээ амлах нь дурын хэрэг. Гэхдээ С.Мөнхбат наймын даваанд Г.Эрхэмбаярыг амлаж, улмаар өвдөг шороодуулах санаархал байсан хэдий ч өөрөө өвдөг шороодсон. Г.Эрхэмбаяр аваргыг С.Мөнхбат амласнаар улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарт ам авах боломж олгосон хэрэг. Гэсэн ч С.Мөнхбат амласан бөхөө хэд хэдэн удаа барьц сонгосон ч Г.Эрхэмбаяр хэн гэдгээ харуулж, бахтай хаяж, үзэгчдийн цөсийг хөөргөөд авав. Насаар ахимаг ч туршлага, бяраар илүү байгаагаа тэрхүү барилдаанаараа илт мэдрүүлсэн. Аварга хүн гэдэг аваргаараа л байх сайх гэдгийг улам ойлгуулсан Г.Эрхэмбаяр танд талархлаа.    

  

 


“Заалны мангас”-ын "түгжээ" дөрөв дэх дээрээ мултарч, Архангайчууд тав дахь аваргаа тослоо  
Үзсэн: 1974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
iii [122.254.126.xxx] 2016-07-19 09:21
Эрхэмбаяр гайхамшиг

Бидэнтэй нэгдээрэй