Шууд Chart

Нөхөрлөл ба нийгэм

2022-08-16 10:35:59

Хүмүүс найз нөхрөө сонгож буй сэдэл, шалтгаан, нөхөрлөлийн хэлбэр нь нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны төлөв байдлыг шинжлэхэд анхаарах асуудлын нэг юм.

Нөхөрлөл бол хүмүүний зайлшгүй хэрэгцээ. Журамт нөхөрлөл нь өндөр хүндэтгэл, ёс суртахууны эрхэм нандин чанар юм. Монголын ёс суртахууны сургаалуудад анд бололцох ёс, нөхрийн ёс, үнэнч, итгэлтэй нөхөрлөхийн ач тусын талаар өргөн тусчээ. Хувь хүний төлөвшил, зан суртахууныг үнэлэх, шинжих олон аргын дотор нөхрөөр нь шинжихийг чухалчилна. “Зүдрэх цагт тус хүргэх сайн нөхрийн тэтгэмж үнэн” хэмээх мэргэн үг бий. Энэ үг амьдрал дээр нотлогдох ч хүнд хэцүү үед заавал туслах ёстой гэж үзэх нь ашиг харсан мэт болно.

"Оюун түлхүүр" сургаалд сайн нөхрөөс гадна буруу, муу үйлтнийг хилэнцэт нөхөр, нэмэргүй, дэмий, муу нөхрийг тусгүй нөхөр гэж нэрлэжээ. Мөн буруу хазгай гишгэж алдсан нөхрөө зөв залж чиглүүлэх арга замыг олон сургаалд өгүүлдэг. Жишээ нь, Ноён хутагт Данзанравжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал" хэмээх сургаалдаа “Хилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч хэмжээгүй үг бүү хэл” гэж сургажээ. Чухамдаа нөхөрлөлийг өөрөө мэдэрч байвал илүү утга учиртай.

Нөхөрлөл бол харилцан хүндэтгэл, итгэл дээр бий болно. Үзэл бодол, хандлагаар ижил төсөөтэй хүмүүс бие биедээ үлгэр дуурайлтай, тус дэмтэй амьдрах нь нөхөрлөл. Нөхөрлөл нь итгэлээр холбогдсон сэтгэл санааны нэгдэл юм. Гэвч найз нөхрийг сонгох шалтгаан, нөхцөл, цаг үе өөр өөр байдаг. Францын философич М.Монтень амьдралд цөөн тохиолддог жинхэнэ нөхөрлөл, өнгөцхөн нөхөрлөлийн ялгааг “Жинхэнэ нөхөрлөл бол насны зөрүү бага хүмүүсийн хооронд үүсэх бололцоотой хийгээд тогтвортой тэгш байдал, харилцан халамж дотносол, хариу тооцоо нэхэхгүй, ямар нэг зорилго агуулахгүйгээр бие биедээ түшиг тулгуур болох сэтгэлийн гоо сайхан юм. Ердийн нөхөрлөлд нэлээд сэрэмжтэй, цаг ямагт хянамгай, жолоогоо сул тавилгүй байж биеэ барих шаардлага гардаг. Ийм нөхөрлөлийн холбоос хэдийд ч тасарч болно” гэж тайлбарлажээ.

Монголын нууц товчоонд түр нөхөрлөх хүн, нөхөрлөж болох хүн гэсэн ойлголт бий. Нөхөрлөж болох хүн нь шударга, үнэнч занг эрхэмлэгч бөгөөд ийм харилцаа нь нөхөрлөлийг батжуулж байдаг.

Эртний үеийн нэрт сэтгэгчид нөхөрлөлийн тухай гайхамшигтай эш санаа хэлсэн нь эдүгээ ч сургамжтай. Грекийн философич Пифагор “Нөхөрлөл нь нэгдмэл байх зарчим. Тэгэхээр ахмад хүн, эцэг, эхээ ачлах нь нөхөрлөлийн дээд хэлбэр” гэж айлджээ. Өөрөөр хэлбэл, эцэг, эхтэйгээ харилцах ёс, хэм хэмжээгээр найз нөхдөдөө хандах учиртай.

Платон “Нөхөрлөл нь харилцан ижил сайхан байх хүслээс үүссэн мэдрэмж. Нөхөрлөл нь сайн үйл, зохицол, тэгш байдлыг бий болгох харилцаа. Тэгш байдал гээч нь нөхдийн зан төлөв адил төсөөтэй байгаа үед хадгалагдана” гэж үзжээ.

Аристотель "Никомахын ёс зүй" бүтээлдээ нөхөрлөлийн шалтгаан, мөн чанар, хэлбэр, нөхөрлөлийн явцад үүсдэг мэдрэмж, хандлага, дотно шинжийн талаар дэлгэрэнгүй авч үзсэн байна. Хүмүүсийн нөхөрлөлийн үндэс нь сайн үйл, ашиг тус, сэтгэл ханамжид суурилсан гурван хэлбэртэй. Ашиг хонжоо, тусын хариуд тус нэхсэн байвал жинхэнэ нөхөрлөл биш. Харин хүмүүсийн харилцан дотно сэтгэл, өндөр хүндэтгэл нь нөхөрлөл юм. Нөхөрлөл бол итгэлгүйгээр бат бэх байж чаддаггүй. Харин итгэхийн тулд цаг хугацаа шаардагддаг. Энэ үүднээс найз нөхрөө хэрхэн сонгож байгаа нь хүн чанарын шалгуур юм.

Германы философич И.Кант нөхөрлөлийн тухай тусгайлан авч үзээд “Бидний аз жаргал бусдын сайхан сэтгэлээс хамаардаг. Харилцан хүнлэг сэтгэлээр хайрлана гэдэг бол нөхөрлөлийг бий болгоно. Бид нөхөрлөлийг сонгож байгаа нь ёс суртахууны шалтгаантай. Нөхөд бие биенээ бүрэн ойлгодог, зан суртахуун ба сэтгэлгээний төсөөтэй зарчим баримталдаг. Гэхдээ цөөн тохиолдолд тэднийг ялгаатай үзэл бодол нь нэгдэхэд хүргэж болох юм” хэмээжээ.

Монголчууд хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бат бэх гэж сургадаг. Хоёр хүний хоорондын сайн нөхөрлөл нь улс хоорондын болон дэлхий нийтийн харилцааг өргөжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан олон арван баримт бий. Өнөөгийн хүмүүсийн харилцаанд жирийн үзэгдэл болоод байгаа нөхрийн ёс жудаг алдагдах, урваж шарвах, зөвхөн ашиг бодож нөхөрлөх, өөрийн чухал хэрэгцээгээ хангахад нь нөлөөлж тусалж байгаа үед найз, бусад үед үл таних хүн шиг авирлах, дэвшиж дээшлэхдээ найз нөхдийн тусыг ашиглаад орхих зэрэг нь нийгмийн танин мэдэхүйд орхиж болохгүй сэдэв юм.

Нийтэлсэн: М.Золзаяа

Нөхөрлөл ба нийгэм  
Үзсэн: 2204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй