Шууд Chart

Японы хий үзэгдэлт арал Хашима

2023-02-15 10:23:26

Та бүхэнд хий үзэгдэлт хэмээн дэлхийд алдаршсан нэгэн арлын тухай мэдээллийг хүргэе. Энэ бол Нагасаки хотоос 15 км-ийн зайтай орших Хашима арал юм. Баруунаас зүүн тийш 160 м, умардаас өмнөд хүртлээ 480 м хэмжээтэй. Тэндхийн эзэн нь загас, нүцгэн чулуу, далайн шувууд. 1890 онд "Митсубиши Шокаи" компани уг арлыг худалдан авч чулуун нүүрсний уурхай байгуулжээ. Үүнийг дагалдаад ажилчдыг байрлуулах орон сууц барьж эхэлсэн байна.

1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр сүндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалах үүднээс эргийн дагуу чулуун ханыг ч босгожээ. Тэр цагаас хойш арлыг "Гунканжима" хэмээн нэрлэх болов. Дэлхийн II дайны үед Хашима нь Японы аж үйлдвэрүүдийг түлшээр хангах гол түшиц газар болоод байлаа.

Ингээд нүүрсний аж үйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1960 он гэхэд хүн ам нь 5267 хүрсэн байна. Арал дээр бүр бага болон дунд сургуулийг ч байгуулжээ. Эмнэлэг, буддын болон синтоистийн сүм ч үүд хаалгаа нээв. Ингээд эх газар руу явах ямар ч шаардлага арлынханд гарахаа болив. Арлын вант улс. Гэтэл 1960 он гэхэд нүүрсний ордын нөөц дуусах нь тэр.

Бүх Япон даяар шинэ нүүрсний болон нефтийн ордыг эрж хайж байх үеэр уг арлын оршин суугчдын тоо багассаар байжээ. 1974 он гэхэд Хашима дээр ердөө 2000 орчим хүн л үлдээд байсан юм. Харин 1974 оны нэгдгээр сарын 15-нд "Митсубиши" уурхайг хааж байгаагаа мэдэгдээд бүх ажилчдыг арлаас явахыг шаардсан байна. Тэр оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр арал дээрх хамгийн сүүлчийн оршин суугчид явжээ. Ингээд эзэнгүй хаягдсан арал Крейсер биш хий үзэгдлийн хөлөг гэх нэртэй ч болов.

Түүнээс хойш 30 жил болоход арал дээр хэн нэгэн нь ирсэн болон амьдрахыг оролдсон гэх нэг ч тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй гэдэг. Харин арлыг сүйрлийн тухай киноны зураг авалтын декораци болгон ашиглаж байв.

Арлыг шинээр 21-р зуунд дахин нээсэн. 2005 онд арал дээр сэтгүүлчдийн баг хүрэлцэн очжээ. Гэхдээ тэдэнд чөлөөтэй тэнэх боломж байгаагүй. Хуучирч муудсан барилга хэзээ мөдгүй нурах аюултай байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хашима арлыг НYБ-ын өв санд бүртгэж авсан бөгөөд цаашдаа Тайшо болон Шовагийн эрин үеийн түүх дурсгалт газар болгох зорилготой байгаа гэнэ. Нагасаки хотын удирдлага арлыг парк музей болгох бололтой.

Нийтэлсэн: Р.Слава

Японы хий үзэгдэлт арал Хашима  
Үзсэн: 3979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-31 11:40
энэ арлаар аялаж үзэх юмсан боломж байна уу??

Бидэнтэй нэгдээрэй