
МҮОНР-ийн 80 жил, МҮОНР-ийн 2-р суваг үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутануудын дунд зарласан “Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг, хүндэтгэлийн үйл ажиллагаа 2013 оны 10 сарын 22-нд МҮОНР-ийн концертын их студид боллоо.
Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа радио, FM-үүдийн нийтлэл, нэвтрүүлэг олон нийтийн хэл, соёлын боловсрол, хүүхэд залуусын сэтгэл зүй, сонсогчдын төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөх, мэргэжлийн сэтгүүл зүйн хэл найруулгын стандарт горим алдагдаж байгаа тулгамдсан асуудлыг тогтоох, түүнийг хэрхэн шийдэх талаар санал дүгнэлт дэвшүүлэх, оюутнууд харилцан мэдээлэл солилцох, шинэ санаа оноо, хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэнд оруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгааг МҮОНР-ийн 2-р сувгийн Ерөнхий редактор Ц.Сосорбурам онцоллоо.
Хэлэлцүүлэгт МҮОНРТ-ийн удирдлагууд, уран бүтээлчид, Монголын Радио Телевизийн Академи, Японы элчин сайдын яамны зочид, хамтрагч байгууллага, МСЭ-ийн төлөөлөл, оюутан залуус оролцов.
Өнөөдөр хэвлэл, мэдээллийн аль ч хэрэгслийн бичвэр, яриа, албан бичгийн хэл найруулгын соёл алдагдаж, сонгодог монгол хэлний цогц илэрхийлэл эвдэгдэн гээгдэж байгаа дутагдал газар авч байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Радиогийн хэл найруулгын соёлын асуудлыг хөндсөн энэ хэлэлцүүлгийг сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж байгаа их дээд сургуулийн оюутан залуусын дунд өрнүүлсэн нь цаг үеэ олсон, үгүйлэгдэж байгаа орон зайг бодолцсон, мөн оюутнуудын бүтээлч эрэлхийллийг уриалан дуудсан шинэлэг ажил болсныг онцлууштай.
Утгыг урлахуйн учир хийгээд радио нэвтрүүлгийн хэл найруулгын онцлог, өнөөгийн радио, FM-үүдийн хэл найруулгын учир дутагдал /үгийн сангийн найруулгын алдаа, хэл зүйн найруулгын алдаа, баримтын алдаа, гоо зүйн алдаа, учир шалтгааны алдаа, утгын алдаа/, засах арга зам, сонгодог монгол хэлний яруу хэрэглүүрийн давуу тал, олон нийтэд нөлөөлөх хандлага гэсэн чиглэл агуулгаар зарласан энэ хэлэлцүүлгийн уралдаанд нийслэл Улаанбаатар болон хөдөө орон нутгийн салбар сургуулиас нийт 32 бүтээл ирснээс шүүгчид 2-р шатны шалгаруулалтанд 11 бүтээлийг шалгарсан. 2-р шатны шалгарсан 11 бүтээлээр товхимол хэвлэн оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагын хүртээл болгох юм байна.
"Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь" хэлэлцүүлгийн дүн гарлаа | ||
Үзсэн: 3149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.