Европын орнуудад үргэлжилж буй аагим халуун улам эрчимжиж, Итали улс энэ онд анх удаа хяналтад байдаг 27 хотдоо бүгдэд нь халууны аюулын хамгийн өндөр буюу улаан түвшний сэрэмжлүүлэг зарлалаа. Австри, Словак улсад агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч, Францад ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдээд байна.
Италийн олон хотод өдөртөө 40 хэмээс давж халж байгаа бөгөөд шөнийн температур ч өндөр хэвээр байна. Ром хотод халуунаас иргэд, жуулчдыг хамгаалахын тулд зарим аялал жуулчлалын газрыг оройн цагаар уртасган ажиллуулах, усан мананцар үүсгэгч төхөөрөмж байрлуулах зэрэг арга хэмжээ авчээ.
Төв Европт ч температурын дээд үзүүлэлтүүд шинэчлэгдсэн байна. Словак улсад 42.2 хэм, Австрид 41.2 хэм хүрсэн нь тус хоёр улсын хэмжилтийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хэт халалт удаан үргэлжилж байгаатай зэрэгцэн ган гачиг нэмэгдэж, Европын зарим томоохон голын усны түвшин буурч байна. Словак дахь Дунай мөрний урсац түүхэн доод түвшинд хүрсэн бол Унгарт атомын цахилгаан станцын хөргөлтөд шаардлагатай усны хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийг бууруулахад хүрчээ. Германд ч гол мөрний ус татарснаар усан замын тээвэрт хүндрэл үүсэж байна.
Францад халуун, хуурай цаг агаараас шалтгаалан ой хээрийн түймрийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Тус улсын Вар мужид гарсан түймэр 60 гаруй ам км талбайг хамарсан байна. Балканы хойгийн орнуудад мөн хэт халалт, усны хомсдол, ой хээрийн түймэр зэрэг асуудал тулгарчээ.
Европын эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал болон иргэдийн өдөр тутмын амьдралд аагим халуун нөлөөлж эхэлсэн бөгөөд цаг уурын өөрчлөлтийн улмаас ийм төрлийн эрс тэс халалт цаашид илүү ойр давтамжтай тохиолдохыг эрдэмтэд анхааруулж байна.
| Европ даяар хэт халалт эрчимжиж байна | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.