Шууд Chart

Бразил улс 30 сая нэгж тарилгыг хямд үнээр экспортлоно

2013-10-29 17:12:37

Бразил улс 2017 он гэхэд жил бүр Африк болон Ази, латин Америкийн улс орнуудад 30 сая нэгж тарилгыг хямд үнээр экспортлохоор болсон байна. Үүнтэй холбогдуулан Бразилийн эм бэлдмэлийн судалгааны томоохон төвүүдийн нэг "Освальдо Круз" сан Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтсийн "Билл энд Мелинда  Гейтс" сангаас 1 сая ам долларын тэтгэлэгийг авчээ. 

Одоогоор улаан бурхан болон улаан эсэргэнэ  зэрэг өвчнөөс хамгаалах тарилгыг зөвхөн Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа бөгөөд шинэ тарилгыг Бразилийн Рио Де Жанейро хотын "Освальдо Круз" сангийн Био эм бэлдмэлийн төвд боловсруулж нэгж бүтээгдэхүүнийг 54 центээр дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Бразил улс нь одоогоор  дэлхийн 75 улсад халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг экспортлож байгаа боловч ийнхүү анх  удаа улаан бурхан, улаан эсэргэнэ өвчнөөс хамгаалах вакциныг боловсруулан зах зээлд гаргахаар зэхэж байгаа ажээ.

Халдвар тээсэн хүний найтаах болон ханиахад вирус нь бусдад халддаг эдгээр өвчнөөр жил бүр дэлхийн хэмжээнд 158 мянга гаруй хүн амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг. Энэ төрлийн өвчнөөс хамгаалах вакциныг хүн бүрт хүртээмжтэй тэр  дундаа бага насны хүүхдүүдэд хүртээмжтэй болгох үүднээс Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтсийн сан Бразилийн эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаар болж байгаа юм.

Тодруулга: Бага насны хүүхдүүдийн дунд  тохиолддог  дээрх  халдварт өвчнүүд нь ханиах найтаах замаар тархдаг тул жил бүр 5 аас доош насны хэдэн зуун хүүхэд өртөн, эрүүл мэнд амь насаараа хохирдог гэсэн судалгаа байдаг. Улаан эсэргэнэ буюу Герман улаан бурхан хэмээн нэрлэгддэг өвчний тухайд жирмэсэн эх жирэмсний эхний гурван сарын хугацаанд өвчний халдвар тээсэн нөхцөлд ураг нь гажигтай төрөх болон ургийн хөгжил зогсох зэрэг эрсдэлд хүрдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразил улс 30 сая нэгж тарилгыг хямд үнээр экспортлоно  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй