Шууд Chart

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

2026-08-10 15:40:36

Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын төвийн бүсийн янданг цөөлж байгаа ач холбогдолтой төсөл юм. Ухаалаг хотын гол бодлогуудын нэг нь бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт оршино. Холбогдох хуульд зааснаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологи, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах боломжтой. Сэлбэ дэд төв нь технологи, эдийн засгийн тусгай бүс болох бүрэн боломжтой юм. Ингэснээр Сэлбэ дэд төвийн газрын төлөвлөлттэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарахгүй. Тухайлбал, 158 га газрын 40 га-д нийгмийн байгууламжууд барихаар төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтөд ямар нэг өөрчлөлт орохгүй.

Тус бүсэд нийт 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдийн засгийн тусгай бүс болсноор бизнесүүд тодорхой хугацаанд татварын болоод татварын бус дэмжлэгүүдийг эдэлнэ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, барилгын татвар газрын төлбөр, цахилгаан, дулааны түрээснээс чөлөөлөх зохицуулалттай.

Мөн банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай. Энэ бүсэд бизнесүүд хөгжих орчин бий болсноор 20 минутын хот бодлого биелж, иргэд аятай тухтай амьдрах орчин бүрдэх юм. Мөн ухаалаг хот хэрэглээндээ ухаалаг, ногоон хөгжлийн үзэл санааг агуулсан байх шаардлагатай.

Тухайлбал, орчин үеийн ухаалаг тоолуур, ус, эрчим хүчийг хэмнэх зохион байгуулалттай, үйлчилгээ нь цахим платформ дээр нэгдсэн байх шаардлагатай юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар сэндбокс /шинээр нэвтэрч байгаа технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчин, тодорхой цаг хугацаанд турших/ орчныг бүрдүүлнэ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно” гэлээ.


“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй