Шууд Chart

Хамбын овоонд хаягдсан хүмүүс

2017-02-15 12:17:25

Агаарын бохирдлын хамгийн гол буруутан нь гэр хорооллын иргэд. Тэр тусмаа хотын захын гэр хорооллын айлуудын амьдрал хэцүү. Түлээ нүүрсээ авч чадахгүй болохоор дугуйны хамер, хашааны банзнаас эхлээд хаа тааралдсан эд зүйлсээ шатаадаг тухай хангалттай ярьдаг. Гэвч яг энэ хүмүүсийн амьдрал ахуйтай танилцаж, зовлон жаргалыг нь хуваалцаж үзсэн хүмүүс хэр олон байдаг бол !!!

Ийм л зорилгоор Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо олны нэрлэдгээр Хамбын овоог зорилоо. Яг үнэндээ овоо байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй гэр хорооллын энхэл донхол зам, уулын хажуу бөөрийг ухаж буусан олон хашаа, байшинг эргэж тойрсоор Хамбын овооны шил дээр гарч ирлээ. Энд Хамбын овоо гэдгийг тодотгох хадаг яндар болсон ганц суваргыг эс тооцвол, эргэн тойрон битүү айлууд.

Дөрвөн настай охиноо гэртээ цоожлоод явжээ

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Бидний очих эхний айл бол хоёр жаахан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйнх. Энэ эмэгтэй цэцэрлэг, сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Өөрөө тогтсон ажилгүй. Өчигдөр биднийг очиход хоол ундгүй сууж байсан. Гэхдээ хөөрхий хоолгүй ч гэсэн хоёр хүүхдээ усанд оруулаад байж байсан. Хэдүүлээ замаасаа хоолны мах, талх, түлээ нүүрс аваад оръё” гэсэн юм. Ингээд бид Хамбын овооны шилийг дөнгөж уруудан хашааны банзгүй шахам айлын хажууд ирлээ. Урд айлынхаа талаар хашааны банзтай, харин бусад талаар нь шон босгосон төдий. Энэ хашаа дотроо гурван айлтай. Урд талын хоёр гэр эгч нарынх нь гэнэ. Хойд талын ганц бор гэр нь бидний зорьсон айл бололтой. Бид авсан жаал жуулхан юм аа барьсаар үүдэнд нь иртэл хүн байсангүй. Харин бидэнтэй зэрэгцэн урд гэрээс гарч ирсэн эгчээс нь асуутал “Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явсан. Багыгаа цоожилчихсон байх” гэлээ.

Идэр есийн хүйтэнд, ямар ч гал хөсгүй гэрт дөрвөн настай жаахан охиноо нээрээ цоожлоод явчихаж байгаа юм уу гэх бодол төрсөн ч нэг л итгэж өгсөнгүй. Хатавчыг нь сөхөөд охиныг нэрээр нь дуудаж үзлээ. “Байна” гэх жаахан хүүхдийн итгэл муутай, шингэн дуу гэрээс сонсогдов. Миний дүү өлсөж байна уу, даарч байна уу гэх дараагийн асуултад тэр хариулсангүй. Бидэнтэй хамт зогсох нагац эгчээс нь “Яагаад хүүхдээ гэртээ цоожилдог юм бэ? Та нар харж болдоггүй юм уу” гэхэд “Бид нар зөндөө л харж өгсөн. Хүүхдийг нь харж өгөхөөр орой 10, 11 цагаас нааш ирэхээ больчихдог. Юу хийдгийг нь би мэдэхгүй” гэлээ.

Энэ хүүхэд хоол идсэн болов уу?

“Идээгүй байх. Би өчигдөр нэг аяга хоол өгсөн. Ээж нь өглөө галаа ч түлээгүй явсан. Та нар авчирсан юм аа үлдээгээд явчихгүй юу. Ээжийг нь ирэхээр өгчихье” гэв. Яагаад ч юм авчирсан жаахан юм аа энэ хүмүүст итгээд үлдээж чадсангүй. Бор гэрийн хаяаг сөхөж “Миний дүү нааш ир. Бид чамд талх авч ирсэн. Ирээд аваарай” гэлээ. Удалгүй гэрийн хаяагаар жижигхэн улаан гар цухуйж, бидний өгсөн талх, гурил, махыг аваад цааш явав. Үлдсэн нүүрсээ гэрийнх нь хаяанд тавилаа. Гэртээ цоожлогдсон охинд үүнээс өөр тус хүргэх боломж байсангүй. Сүүлдээ нагац эгчид нь загнуулах шахам тэндээс хөдөллөө. Ээж нь хурдан ирдэг л байгаа даа гэсэн бодол ээрсээр...

Энд 10 жил болсон ч хашааны газраа өмчилж чадаагүй

Бидний очсон дараагийн айл бол 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Оюунгэрэлийнх. Өөрийгөө 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэж танилцуулсан энэ эмэгтэй гурван ханатай гэрт ганцаараа амьдардаг. Гэрийнхээ хойморт төмөр ор байрлуулж, хоёр хажуугаар нь авдар сав, сандал ширээ байрлуулсан жижиг гэрт дөрвөн хүн ороод л дүүрчих шиг болов. Хашаагаа яагаад гүйцээж бариагүй юм бэ? гэж асуухад, бариад ч нэмэргүй энэ хавийнхан хулгайлаад түлчихдэг гэсэн хариулт өглөө. Түүний хувьд энэ хашаанд амьдраад 10 жил болж байна. Гэхдээ хашааны газраа өмчилж чадаагүй. Одоо бичиг баримтаа бүрдүүлээд хөөцөлдөж байгаа гэлээ. Эдний 6-н хүүхэд нь бүгд тусдаа гарчихсан. Гэтэл тэр одоог хүртэл одонгоо авч чадаагүй. Бас л хөөцөлдөж байна гэж хэлсэн юм. Дээрээс нь тоггүй. “Айлаас тог салаалж тавьдаг байсан. Одоо тогоо салгуулсан” гэж Сонгинхайрхан дүүргийн 30-р хорооны иргэн Оюунгэрэл хэлж байна. Ямар ч гэсэн холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн. Хашааны газраа өмчлөөд авчихвал, тог тавиулж болох байх. Тэгвэл хотын захад ч гэсэн гэрэл гэгээтэй амьдармаар байна гэж хэллээ.

Бидний очсон дараагийн айл хашаа ч байхгүй. Хамбын овооноос дээш өгсөөд уулын энгэр бараадаж буусан энэ айлд гурван залуу байв. 25-30 насны гэмээр гурван залуугийн нэг нь хэвтэрт, нөгөө хоёр нь биднийг ороход хоолоо хийж байсан. “Самранд явж байгаад, саяхан хөдөөнөөс ирсэн. Манай ах уг нь ийм бие муутай байгаагүй юм. Одоо элэгний хүнд өвчтэй болчихоод босож чадахгүй байна. Саяхан эмнэлгээс гарч ирсэн. Тийм болохоор одоо би ахыгаа хажууд нь асрахаас өөр аргагүй байна” гэж дүү нь ярьсан юм. Ах дүү хоёрын хувьд Төв аймгийн нэг сумаас хотод ирсэн. Гэвч албан ёсны хотын харьяалал байхгүй. Айлын хашаа дамжиж явсаар байгаад, сүүлдээ энд ирж буусан байна. Одоо ядаж хороондоо тогтсон харьяалалтай болчихвол хэрэгтэй байна гэсэн юм. Иймээс Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс энэ залуусыг хотын харьяалалтай болгох тал дээр нь тусалж, дэмжихээ амаллаа.

Нэг хороонд л гэхэд харьяалалгүй 40-50 өрх амьдарч байна

Энэчлэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс хотын захын гэр хорооллын айлуудаар явж агаар, орчны бохирдлын хөдөлгөөнт хяналт хийх ажил үргэлжилж байна. “Хотын захын гэр хороололд нүүрс түлээгээ авч чадахгүй, нэн ядуу өрх маш олон байна. Сонгинохайрхан дүүргийн 30, 23-р хороонд л гэхэд ийм 30 гаруй өрх байна. Гэхдээ судалгаа дуусаагүй учраас энэ хороонд үүнээс өөр харьяалалгүй, хашааны газаргүй, айлын хашаанд толгой хорогддог хичнээн айл байгааг мэдэхгүй. Энэ айл өрхүүдийг судлах ажил сарын дараа дуусна. Бид судалгааны ажлаа цогцоор нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүргүүлж, төрийн бодлого болгох чиглэлээр ажиллана” гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн З.Болдбаатар хэллээ.

Нэг хороонд л гэхэд дунджаар 40-50 харьяалалгүй айл байна. Тэдний 20-30 юу ч хамаагүй түлж гэрээ дулаацуулдаг. 10-15 жил хотод амьдарч байгаа хэрнээ, бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй. Яаж бичиг баримттай болохоо ч мэдэхгүй нийгмийн анхаарлын гадна үлдсэн ийм хүмүүс олон байна. “Иймээс хороо дүүргийн дарга нар өөрийн хэсгийн амьдралын түвшин муутай, харьяалалгүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэх хэрэгтэй. Ингэхгүй бол төрөөс утааны эсрэг ямар ч бодлого шийдвэр гаргаад эзэндээ хүрэхгүй” гэж Монголын байгаль орчны иргэний  зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ онцолсон юм.

Нийтэлсэн: Г.Батзаяа

Хамбын овоонд хаягдсан хүмүүс  
Үзсэн: 5457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2017-03-06 21:36
мал дээр гарвал арай дээр дээ маргааш малтай болчихгүй ч гал хөс хоол ундгүй суухгүй дээ
Зочин [43.228.129.xxx] 2017-02-21 09:36
Хотод ажилгүй, орлогогүй зовж байхаар нутагтаа очоод мал маллаачээ. Туслах малчин болчихвол хамаагүй дээр шүү дээ,Дэндүү залхуу юм аа.
Зочин [139.5.219.xxx] 2017-02-15 14:28
Иргэн хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэж сонгогчидоос санал горьдож,тэдэнд нэг их сайн хүн болж,араа бодолгүй алсын хараагүй тэнэгтсэний хар гай одоо гарч,улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд шавцгааж,агаар хөрсний бохирдолыг буй болгож,одоо яаж ч чадахаа больсоны хариуцлагыг тэнэг улс төрчид үүрэх учиртай,энэ эмзэг асуудалд утга учиргүй улстөржсөн намууд гол буруутай нь үнэн.
naran [119.46.166.xxx] 2017-02-15 14:21
Manaihaan nz nuhuduuruu mungu tsugluulaad ochij tuslaarai Daanch hol bna guij bna
Зочин [202.179.25.xxx] 2017-02-15 14:16
тэр жаахан амьтныг өрөвдчихлөө
Зочин [202.179.16.xxx] 2017-02-15 13:06
Ёооё тэр гэрийн хаяагаар бяцхан алгаа тосож байгаа хүүхдийг хар даа... Ямар хэцүү юм бэ? Хүүхдүүд яагаад ингэж зовох ёстой юм бэ???
Зочин [202.55.184.xxx] 2017-02-15 14:13
элэг эмтрэм юм. тэр хөөрхөн нүд, тэр даарсан гар...
Зочин [122.201.31.xxx] 2017-02-15 13:32
Ardchilsan ork kommunist mangaruud tor udirdaj bgaa bolohoor mongol oodlohguiee

Бидэнтэй нэгдээрэй