Шууд Chart

“Либертад” клуб “Санта Фе”-г хожлоо

2017-09-16 10:00:00

Өмнөд Америк тивийн цомын аварга шалгаруулах “Копа Судамерикана” тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилсээр байна. 2017 онд энэ тэмцээнд өмнөд Америк тивийн 10 орны шилдэг 44 баг өрсөлдөж, одоогоор шөвгийн 16-н шатны хариу тоглолтууд үргэлжилж байна.

16 дахь удаагийн Өмнөд Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н шатны хүрээнд Парагвайн “Либертад” клуб, Колумбын алдарт “Санта Фе” багтай шөвгийн 8-д өрсөлдөх эрхийн төлөө тоглолоо. Багуудын эхний тоглолт “Либертад” багийн талбайд болоход талбайн эзэд 1:0-ийн харьцаатай хожоод байсан. Хариу тоглолт энэ өдөр Колумб улсын Богота хотноо болж, эхний үеийн 26 дахь минутад “Либертад” клубээс Антонио Барейрогийн дамжуулалтаар Парагвайн шигшээ багийн довтлогч Оскар Кардосо энэ тэмцээний 3 дахь гоолоо оруулж, өрсөлдөгчөө тун хүнд байдалд оруулсан. Парагвайн баг нийлбэр дүнгээр 2:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэнээр “Санта Фе” клубынхан 3 гоол оруулж байж цааш шалгарах боломж гарах байсан юм.

“Санта Фе” клубынхан энэ өдөр олон шуургалсан довтолгооныг хийж байсан ч өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг давж чадахгүй байсан. Бүр торгуулийн цохилтоо хүртэл гоол болгож чадаагүй. Тэднээс тэнцээний гоолыг Жон Пахойн дамжуулалтаар Колумб довтлогч Уильям Тесильо 88 дахь минутад оруулсан ч энэ нь хэтэрхий оройтсон гоол байсан юм.

Улмаар тоглолт 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөснөөр багуудын өмнөх тоглолтод 1:0-ийн харьцаатай хожсон “Либертад” клуб, нийлбэр дүнгээр 2:1-ийн харьцаатай хожиж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхээ авчээ. Тэд шөвгийн 8-н шатанд Бразилийн “Кориньанс”, Аргентинийн “Рэйсинг” клубуудын аль хожсонтой нь тоглоно. Энэ оны 2-р сарын 28-ны өдрөөс хойш үргэлжилж байгаа “Копа Судамерикана” тэмцээний аварга баг 12-р сарын 13-ний өдөр тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Либертад” клуб “Санта Фе”-г хожлоо  
Үзсэн: 2474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй