Шууд Chart

"Байерн" 3 дахь хожлоо авлаа

2017-09-18 18:45:38

Германы “Бундеслиг”-ийн 55 дахь улирал буюу 2017/18 оны улирлын аварга шалгаруулах тэмцээний 4-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт лигийн 18 багийн хооронд нийтдээ 9 тоглолт явагдсан. Лигийг одоогоор “Боруссия Дортмунд” болон “Ханновер” клубууд адил 10 оноотой тэргүүлж байна.

Германы “Бундеслиг”-ийн 27 удаагийн аварга, лигийн аваргын цомыг хамгаалан тоглож байгаа “Байерн Мюнхен” энэ тойрогт алдарт “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнэдээ 60 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар “Майнц” клубыг хүлээн аван тоглолоо. Энэ өдрийн эхний гоолыг Германы шигшээ багийн супер од Томас Мюллер хүчтэй цохилтоор хаалганд оруулж, хөгжөөн дэмжигчдээ суудлаас нь босгосон. Энэ түүний шинэ улирлын эхний гоол нь байлаа. Тоглолтын эхний гоол орсоноос 12 минутын дараа лигийн аваргуудаас өдгөө 33 настай Нидерландын алдарт хөлбөмбөгчин Арьен Роббен гоол оруулж, баг нь эхний үед 2 гоолын зөрүүтэй өрсөлөгчөө тэргүүллээ. Солгой хөлийн цохилтоороо дэлхийд алдартай Роббен 2015 оны 2-р сараас хойш анх удаа баруун хөлөөрөө гоол оруулсан нь энэ байсан юм.

Тоглолтын 2-р үе эхлээд 5 минутын дараа энэ өдөр “Бундеслиг”-ийн 100 дахь тоглолтдоо оролцсон “Байерн”-ы шилдэг мэргэн бууч Роберт Левандовски Томас Мюллерийн дамжуулалтаар багийнхаа 3 дахь гоолыг орууллаа. Үүний дараа Германы шигшээ баг болон “Байерн Мюнхен” клубын залуу од Иошуа Киммигийн дамжуулалтаар 29 настай Польш довтлогч Левандовски дахин нэг гоол оруулж, Германы “Бундеслиг”-т 100 тоглолтод оролцохдоо 82 гоол оруулсан шилдэг амжилтын эзэн болжээ. Одоогоор Левандовски улирлын эхний 4 тоглолтод оролцож, 5 гоол оруулсан амжилтаар энэ лигийн мэргэн буучдын жагсаалтыг манлайлж байна. Харин баг нь 4 тоглолтоос 3 хожиж, 9 оноотой хүснэгтийн 3-р байрт эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Байерн" 3 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 1708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй