Шууд Chart

“Атлетико Мадрид” шинэ цэнгэлдэхээ нээлээ

2017-09-18 19:02:25

Испанийн “Ла лиг”-ийн тэмцээний 10 удаагийн аварга Мадрид хотын “Атлетико” клуб өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан Испанийн лигийн 4-р тойргийн тоглолтын өмнө багийн шинэ цэнгэлдэх болох "Ванда Метрополитано" цэнгэлдэх хүрээлэнгээ албан ёсоор нээж, хөгжөөн дэмжигчид, олон нийтийг албан ёсоор хүлээн авчээ.

Энэ цэнгэлдэхийг анх Мадрид хотын захиргаанаас санаачлан 1990 онд шавыг нь тавьж байсан байна. Улмаар барилгын ажил нь 4 жилийн хугацаанд үргэлжилж, 1994 оны 9-р сарын 6-ны өдөр 20.000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ хотын ард иргэддээ танилцуулж байжээ. Дараа нь 2002-2017 оныг хүртэлх хугацаанд Испани улсын нийслэл Мадрид хотын харьяалалтай байсан энэ цэнгэлдэх энэ оны эхээр “Атлетико Мадрид” клубын эзэмшилд шилжсэн юм. 2004 оноос хойш ашиглагдаагүй байсан тус цэнгэлдэхийг ийнхүү сэргээн засварлаж, 67.703 хүний суудалтай, VIP зэрэглэлийн 79 суудалтай, 4.000 машины зогсоолтойгоор дахин байгуулжээ.

Ийнхүү “Атлетико Мадрид” клуб алдарт ерөхийлөгчийнхөө нэрээр нэрлэсэн “Висенте Калдерон” цэнгэлдэх хүрээлэнгээ орхиж байна. Гэхдээ өмнө нь “Висенте Калдерон” цэнгэлдэх хүрээлэн баригдаж, ашиглалтад ороогүй байхад “Атлетико Мадрид” клуб бүх тэмцээн уралдааныхаа тоглолтуудыг одоогийн "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд хийдэг байсан. Энэ цэнгэлдэхнийг сэргээн засварлах барилгын ажилд нийтдээ 240 сая евро зарцуулжээ. "Ванда Метрополитано" цэнгэлдэх хүрээлэнд “Атлетико Мадрид” клубын 2017/18 оны улирлын бүх тоглолтууд болно. Нэмж мэдээллэхэд энэ багийн Испанийн лигийн 2017/18 оны улирлын тоглолтуудын бүх тасалбар өнгөрсөн 03-р сарын 01-ний өдөр гэхэд хэдийн зарагдаж дууссан юм.

Аргентин мэргэжилтэн Дьего Симьоне дасгалжуулагчтай Мадрид хотын баг улмаар энэ тойрогт, шинэ улирлын 4 дэх тоглолтоо өөрийн шинэ цэнгэлдэхдээ “Малага” клубтэй хийж, 1:0-ийн харьцаатай хожжээ. Энэ удаад Аргентин залуу Анхель Корреагийн дамжуулалтаар Францын шигшээ баг болон “Атлетико Мадрид”-ын шилдэг мэргэн бууч Антуан Гризманн хожлын гоол оруулжээ. Ингэснээр 26 настай Антуан Гризманн “Атлетико Мадрид”-ийн шинэ цэнгэлдэх болох "Ванда Метрополитано"-д гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч боллоо. Мөн тэрээр “Ла лиг”-ийн энэ улирлын 2 дахь тоглолтдоо энэ өдөр оролцож, шинэ улирлын анхны гоолоо оруулсан юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Атлетико Мадрид” шинэ цэнгэлдэхээ нээлээ  
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй