Шууд Chart

Диего Коста Мадридад эргэн ирнэ

2017-09-22 18:27:14

Сүүлийн өдрүүдэд Бразил гаралтай Испанаи довтлогч Диего Коста Испанийн “Атлетико Мадрид” клубтэйгээ эргэн нэгдэхээр болсон талаарх мэдээлэл олон нийтийн дунд эрчимтэй түгээд байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү мэдээллийг “Атлетико Мадрид” болон Английн “Челси” клубын удирдлагууд аль аль талаас баталж, албан ёсоор гэрээ хэлэлцээр хийгдсэн гэдгийг мэдэгдсэн байна.

Анлийн “Челси” клубын ахлах дасгалжуулагч, Итали мэргэжилтэн Антонио Конте өнгөрсөн улирал “Челси”-г удирдсан эхний жилээ Английн “Премьер лиг”-ийн аваргын цомыг хүртсэн ч энэ багийн мэргэн бууч болоод байсан Диего Костатай хамтран ажиллахгүй, өөрийнх нь энэ жилийн тоглолтын систем, төлөвлөгөөнд багтаагүй учраас багаасаа явуулах хүсэлтэй байгаагаа удаа дарааллан мэдэгдэж байсан. Мөн Диего Коста ч Англиас явж, хуучин баг “Атлетико Мадрид” клубтэйгээ нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эцэст нь тэрээр эргэн нарлаг Испанийг зорихоор болсон байна. Энэхүү шилжилт хөдөлгөөн 53 сая пунт стерлинг буюу 72 сая америк долларын үнээр хийгджээ. Диего Коста ирэх өдрүүдэд Испанид хүрэлцэн ирж Мадридын багийн эмчийн үзлэгээр орохоор болсон байна. Үүнийхээ дараа “Атлетико Мадрид”-ын зүгээс хуучин довтлогчоо олон нийтийн өмнө шинээр танилцуулахаар боlжээ. Гэхдээ Диего да Силва Коста ирэх 2018 оны эхний өдрөөс буюу 1-р сарын 1-нээс “Атлетико Мадрид”-ын өмсгөлтэй талбайд гарах боломжтой юм. Учир нь ОУХБХ-ноос “Атлетико Мадрид” клубт шийтгэл оногдуулж, ирэх оны 1-р сарын нэгэн хүртэл багтаа ямар нэгэн тоглогч шинээр элсүүлэхийг нь хориглоод байгаа юм. Үүний улмаас багийн ахлах дасгалжуулагч Диего Симьоне өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор багтаа шинэ тамирчин элсүүлж чадаагүй.

28 натсай Диего Коста 2014 оны 7 сард 32 сая пунт стерлингийн үнээр буюу 41.2 сая америк доллараар Испанийн “Атлетико Мадрид”-аас “Челси”-д ирж, 5 жилийн гэрээг үзэглэж байсан. “Цэнхэрүүд”-ийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсөн 3 жилийн хугацаандаа тэрээр албан ёсны 120 тоглолтод оролцон 59 гоол оруулж, 2015, 2017 онд Английн “Премьер лиг”-ийн аваргын цомыг хүртсэн. Диего Костагийн хувьд өнгөрсөн 5-р сарын 27-ны өдөр өмнөх улирлын Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод "Арсенал"-д 2:1-ийн харьцаатай хожигдсон тоглолтод талбайд гарсанаасаа хойш “Челси”-гийн өмсгөлтэй ямар нэгэн тоглолтод оролцоогүй байсан юм. Өмнө нь тэрээр “Атлетико Мадрид”-ад 2010-2014 оны хугцаанд тоглохдоо 52 тоглолтод 26 гоол оруулсан шилэг амжилттай. Түүнчлэн Европын “Супер цом”-д 2 удаа түрүүлж, Испанийн “Ла лиг”-ийн аваргын цом болон Эзэн хааны цомын тэмцээнүүдэд түрүүлж байсан билээ.

“Атлетико Мадрид”, “Челси” клубуудын хувьд ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 2017/18 оны улирал “С” хэсэгт багтсан. Багууд энэ сарын 27-ны өдөр Испани улсын нийслэл Мадрид хотноо тэмцээний хэсгийн 2-р тойргийн тоглолтоо хийхээр учраа таараад байна.

Ирэх оны улирлаас эхлэн Дьего Симьоне дасгалжуулагчтай "Атлетико Мадрид" клубын бүрэлдэхүүн ийн гарах нь ээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Диего Коста Мадридад эргэн ирнэ  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй