Шууд Chart

"Ванда Метрополитано"-д “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт болно

2017-09-22 18:35:02

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2018/19 оны улирлын шигшээ тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгээр Испанийн нийслэл Мадрид хотын Атлетико Мадрид клубын “Ванда Метрополитано” цэнгэлдэх хүрээлэн сонгогдсон байна.

Испанийн лигийн 10 удаагйин аварга “Атлетико Мадрид” клуб өнгөрсөн 7 хоногт алдарт ерөнхийлөгчийнхөө нэрээр нэрлэсэн “Висенте Кальдерон” цэнгэлдэх хүрээлэнгээ 51 жилийн дараа орхиж, шинэчлэн засварласан “Ванда Метрополитано” цэнгэлдэх хүрээлэнгээ нээж, олон нийтэд танилцуулан нээлтийн тоглолтоо хийгээд байсан. Энэ долоо хоногт Швейцарийн Неон хотноо ЕХХ-ны удирдах зөвлөлийн хурал болж, энэ цэнгэлдэхэд “Аваргуудын лиг”-ийн тэмцээний 2019 оны шигшээ тоглолтыг зохион байгуулахаар болжээ. ЕХХ-ноос зохион байгуулдаг бүхий л лигийн тэмцээнүүдийн аваргын тоглолтуудад хариу тоглолт гэж байдаггүй. Тийм учраас аваргын төлөө тоглож байгаа тухайн 2 багийн аль нэгнийх нь цэнгэлдэх хүрээлэнд биш, Европ тивийн аль нэг орны томоохон цэнгэлдэхэд шигшээ тоглолтоо зохион байгуулдаг дүрэмтэй.

Энэ удаагийн хурлын үеэр ЕХХ-ноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн 2019 оны улирлын шигшээ тоглолтууд болох цэнгэлдэхүүдийг сонгож, олон нийтэд зарласан байна. 2019 оны "Европа лиг"-ийн шигшээ тоглолт Азербайжаны Баку хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдах бол эмэгтэйчүүдийн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт 2019 онд Унгарын Будапешт хотод болно. Мөн “Аваргуудын лиг” болон "Европа лиг"-ийн тэмцээнд түрүүлсэн багуудын хооронд болдог ЕХХ-ны Супер цомын Туркийн “Бешикташ” цэнгэлдэхэд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

“Аваргуудын лиг”-йин тэмцээний энэ 2017 оны улирлын аваргын төлөөх тоглолт Уэльсийн Кардифф хотын “Миллениум” цэнгэлдэх хүрээлэнд болсон бол 2018 оны шигшээ тоглолт Украйны Киев хотын “Олимпик” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин 2019 оны шигшээ тоглолт Мадрид хотын "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд зохион байгуулагдахаар боллоо.

Энэ цэнгэлдэхийг анх Мадрид хотын захиргаанаас санаачлан 1990 онд шавыг нь тавьж байсан байна. Улмаар барилгын ажил нь 4 жилийн хугацаанд үргэлжилж, 1994 оны 09-р сарын 06-ны өдөр 20.000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ хотын ард иргэддээ танилцуулж байжээ. Дараа нь 2002-2017 оныг хүртэлх хугацаанд Испани улсын нийслэл Мадрид хотын харьяалалтай байсан тус цэнгэлдэх энэ оны эхээр “Атлетико Мадрид” клубын эзэмшилд шилжсэн юм. 2004 оноос хойш ашиглагдаагүй байсан тус цэнгэлдэхийг ийнхүү сэргээн засварлаж, 67.703 хүний суудалтай, VIP зэрэглэлийн 79 суудалтай, 4.000 машины зогсоолтойгоор дахин байгуулжээ. Өмнө нь “Висенте Калдерон” цэнгэлдэх хүрээлэн баригдаж, ашиглалтад ороогүй байхад “Атлетико Мадрид” клуб бүх тэмцээн уралдааныхаа тоглолтуудыг одоогийн "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд хийдэг байсан. Энэ цэнгэлдэхийг сэргээн засварлах барилгын ажилд нийтдээ 240 сая евро зарцуулжээ.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Ванда Метрополитано"-д “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт болно  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй