Шууд Chart

Швед улсад “Оюутны уулзалт өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2017-10-02 09:53:51

Швед улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус олон нийтийн байгууллага байдаг.  Тэдний нэг болох Монголын Залуучуудын Холбооны Швед улс дахь салбар зөвлөлөөс санаачлан Монголын Улсын Элчин сайдын яам хамтран анх удаа “Оюутны уулзалт өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Швед улсын гимнази болон их, дээд сургуульд суралцдаг оюутнуудаа хүлээн авч мэдээлэл солилцох, санал бодлоо хуваалцаж бие биендээ туршлага мэдлэгээ солилцох нь энэ уулзалтын зорилго байлаа. Өдөрлөгийн эхэнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан оролцож, “Монгол улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хоёр орны дипломат харилцаа” сэдвээр илтгэл тавьж, залуучуудын сонирхсон асуултад хариулж чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Мөн Швед дэх Монголын Залуучуудын Холбооны тэргүүн Э.Мандухай “Хүсэмжит мэргэжил” сэдвээр, Шведийн “Hem design studio” компанийн менежер Б.Энхтуяа  “Ажлын гараагаа эхлэх орчин нөхцөл” сэдвээр тус тус илтгэл тавьж нийт оюутан залуустай “Даяарчлагдсан дэлхийд хүний эзлэх байр суурь, хандлага” чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм.

Өдөрлөгт Швед улсад суралцаж байгаа 20 орчим оюутан залуу оролцсон бөгөөд цаашдаа Элчин Сайдын Яамтайгаа холбоотой ажиллаж мэдээлэл, санал бодлоо солилцох уулзалт, ярилцлагыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо.

Энэ дашрамд дурдахад, Швед дэх Монголын Залуучуудын Холбоо нь анх 2013 оны тавдугаар сард байгуулагдсан, одоогоор удирдах зөвлөлийн 11 гишүүн, 40 гаруй идэвхтэн гишүүнтэй болжээ. Бүтцийн хувьд Боловсрол, Урлаг Спорт, Мэдээлэл харилцаа гэсэн гурван багаар ажилладаг байна.

Эдгээр залуусын нэгдлийн уриа нь “Мэдлэгтэй хүнээс хүч мэдрэгдэж, сэтгэлтэй хүнээс итгэл гэрэлтдэг. Хүчтэй байж, итгэлээр гэрэлтэцгээе!” гэжээ.

Нийтэлсэн: Р.Слава

Швед улсад “Оюутны уулзалт өдөрлөг”-ийг зохион байгууллаа   
Үзсэн: 2485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй