Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт цахилгаан тээврийн шинэ шийдлийг хувийн хэвшил бодитоор туршжээ.
“Монложистикс Групп”, “Ньюком” ХХК хамтран 2026 оны наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршсан байна.
Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн нэг хэсэг бөгөөд эцсийн хэрэглэгчийн төлөх үнэд шууд нөлөөлдөг. Дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт, үнэ тогтворгүй байгаа үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах боломжтой гэж үзжээ.
Засгийн газар ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө”-г үе шаттай байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр Улаанбаатар хот болон 21 аймгийг холбосон цахилгаан автомашины үндэсний корридор бий болно.
Дэд бүтэц бүрдсэнээр 2030 он гэхэд 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэхээс гадна эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тооцоо гарчээ.
Мөн шатахууны импортын зардлыг жилд ойролцоогоор 200 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэж, иргэдээс гадна ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг хэмнэх шинэ боломж нээгдэхээр байна.
Засгийн газраас төр бүхнийг өөрөө хийх бус, хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдэлд зам нээж, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх бодлого баримталж буйгаа онцолжээ.
Хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар 1400 орчим км холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршсан нь Монголын тээвэр, ложистикийн салбарын ногоон шилжилтийн бодит туршилтын нэг болсон байна.
| Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар 1400 км замд ачаа тээвэрлэж туршжээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.