Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгууллаа.
Өнгөрсөн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 74 вагон АИ92 шатахуун буугаад байна. Мөн өнөөдөр өдрийн 14 цаг 30 минутанд дахин 19 вагон АИ92 шатахуун ирээд байна.
ОХУ-аас шатахууны татан авалтууд нэмэгдэж эхэлсэн учраас нийслэл Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэх үүргийг ААН-үүдэд өглөө.
Энэ хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд ТЦА-ыг анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг, чиглэлүүдийг өгсөн байна. Үндсэндээ ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болоод орон нутагт шатахууны хангалт, түгээлтийг хэвийн түвшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын зүгээс шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгох болон ₮50000 хязгаартай олгох зохицуулалтыг авч хэрэгжүүлсний үр дүнд шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Тэгвэл энэхүү зохицуулалт 2026 оны 08-р сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилж, ням гарагаас эхлэн бүх ШТС-ууд дугаарын болоод үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгож эхэлнэ.
Мөн Монгол Улс БНХАУ-аас сар тутамд 71000 тонн газрын тосны бүтээгдэхүүн авах хүсэлтийг илэрхийлсэн. Энэ хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улс гурван боомтоор дамжуулан БНХАУ-аас сар бүр 75000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах бололцоотой гэдгийг мэдэгдсэн байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.